Хамтарсан Засгийн газар "шинэ нэршил"-тэй яамдынхаа үндсэн чиг үүргээ өчигдөр тогтоож, дэд сайд, агентлагийн дарга нарын асуудлаа ярьж эхэллээ

Хамтарсан Засгийн газар "шинэ нэршил"-тэй яамдынхаа үндсэн чиг үүргээ өчигдөр тогтоож, дэд сайд, агентлагийн дарга нарын асуудлаа ярьж эхэллээ

Монгол Улс анх удаа парламентад 126 гишүүн сонгож, хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Өмнөх Засгийн газар 12 яам 21 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газар 16 яам 23 сайдтай байхаар баталж, улмаар МАН-аас 13, АН-аас 8, ХҮН намаас 2 гишүүн хамтарсан Засгийн газарт орж ажиллахаар болсон.

-ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН "ШИНЭ НЭРШИЛ"-ТЭЙ БОЛСОН ЯАМДУУДЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙГ ТОГТООЛОО-

Тэгвэл "Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл"-ийн хүрээнд өчигдрийн /2024.07.24/ Засгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газрын яамдуудын үндсэн чиг үүргийг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл нэрийг нь сольсон яамдууд ямар үүрэг чиглэлээр ажиллахыг хэлэлцэж тохирсон гэсэн үг. Ингэхдээ аль хороо, агентлаг аль яаманд хуваарилагдсанаас шалтгаалж тус яамны үүрэг чиглэл тодорхой болно.

Тодруулбал, Өмнөх Засгийн газарт Соёлын яам гэж байсан бол энэ удаа Аялал жуучлал, соёл спорт, залуучуудын яам болж өөрчлөгдсөнөөр аялал жуулчлалтай холбоотой хороо, агентлагууд Ч.Номин сайдын яам руу шилжинэ гэсэн үг. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Ерөнхий сайдын дэргэд болон яамдын дэргэд байгуулагдан ажиллаж байгаа үндэсний хороод бий. Жишээ нь Биеийн тамирын хороо, Бүтээмжийн хороо, Хүний эрхийн хороо зэрэг хороод байдаг. Тэгвэл эдгээр хороодыг нэгтгэж, заримыг нь салбар яам руу нь шилжүүлж, заримыг нь цомхотгоно” гэсэн юм. Ийнхүү өчигдрийн хуралдаанаар яамдуудын үндсэн чиг үүргийг тогтсон бол уг хороо, агентлагуудын даргаар хэн сонгогдох вэ гэдэг дараагийн асуудал урган гарна.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХОРОО, АГЕНТЛАГУУДЫН ДАРГА НАРЫГ "СӨӨЛЖИХ" АРГААР СОНГОХ УУ-

Шинэ нэршилтэй болсон яамдуудын чиг үүрэгт анализ хийж үзвэл Эдийн засаг хөгжлийн яаманд Татварын ерөнхий газар, Шадар сайд Т.Дорхандад ярьсан ёсоор Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн сайд Б.Жавхланд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад Усны газар, Цаг уур, орчны шинжилгээний газрыг гэх мэтчилэн оноож магадгүй байна. Гэхдээ чиг үүрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөөгүй байгаа юм.

Улмаар ирэх сарын 10 /2024.08.10/-н гэхэд Засгийн газрын дэргэдэх хороод, агентлагийг хэн удирдах болон дэд сайдтай байх эсэх асуудал шийдэгдэнэ.

АН найман жил Засгийн эрх аваагүй. Үндсэндээ гишүүд нь хий эргэлдэж, гудамжинд лааз өшиглөж найман жилийг өнгөрөөсөн. Иймд энэ хүмүүс дэд хороо, агентлаг цаашлаад дэд сайдаар томилогдох чин хүсэлтэй байж магадгүй байна. Учир нь “сөөлжлөх” зарчмаар буюу МАН-ын сайдтай яам АН-ын дэд сайдтай болох тохиролцоог хийж магадгүй байгаа юм.

-АН-ААС ДЭД САЙД НАРЫН АЛБАН ТУШААЛЫГ ЦОМГОТГОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙГАА-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. Энд дэд сайын албан тушаалыг байхгүй байхаар заасан байдаг. Гэтэл найман жил ямар нэгэн төрийн том албан тушаал хашаагүй, УИХ-д сонгогдоогүй АН-ын залуус агентлаг, улсын хороодын дарга болох цаашлаад дэд сайд нарын албан тушаалд суух хүсэлтэй байгаа тул "дэд сайд" гэсэн албан тушаалыг хасахгүй байх санал гаргаж байгаа талаар бидэнд эх сурвалжууд мэдээллээ. Улмаар дэд сайдын орон тоог бүрэн халах эсэх асуудалд хамтарсан Засгийн газар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байгаа аж.

Ийнхүү "шинэ нэршил"-тэй болсон Засгийн газрын яамдууд чиг үүргээ тодорхой болгосон. Цаашлаад ирэх сарын 10-ны өдөр агентлаг, хороо мөн дэд сайд томилогдох эсэх асуудлуудын шийдвэр гарахаар байна.