“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдийг иргэдэд танилцуулж, санал авна гэж мэдэгдлээ

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдийг иргэдэд танилцуулж, санал авна гэж мэдэгдлээ

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан. 

Иймд Засгийн газраас 2024 онд 21 дүгээр тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зарласан.  Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт 2024 оны 07 дугаар сарын 16-ныг дуустал явагдсан байна.

Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцжээ.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас эдгээр бүтээлийг олон нийтэд танилцуулж санал авахад бэлэн болсон талаар мэдээлэл өгөв. Үүнд:

  1. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд буюу https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар олон нийтэд танилцуулж санал авах,
  2. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтээс санал авахаар төлөвлөжээ.

Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийх бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулах аж.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө