Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан. Улмаар тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдоод буй. Иймд өнөөдөр /2024.07.23/ тухайн гурван тамирчинтай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулсан байна.
Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор допинг илэрсэн гэх Цэргийн арслан Г.Жамбалдорж мэдэгдэл хийжээ. Тэрээр "Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 4 давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан. Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа. Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна. Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө. Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч, байнга эмчилгээ хийлгэж байсан. Надад зорилго, бөхийн карьер бий.
Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн. Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй. Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад хориотой 400 гаруй төрлийн эмийн бодисоос байж ээ. Би анзаарах ёстой байсан. Залуус дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэт эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна. Мөн үеийн залуусыг мэдлэг мэдээллээ дээшлүүлж, Эмч болон мэргэжлийн байгууллагуудынхаа уялдаа холбоотой байж, эмчлүүлэх нь чухал юм байна. Эрүүл мэндээ хайрлаарай. Спорт бол эрүүл залуу насны богинохон л баясгаад өнгөрөх хором мөч.
Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Монголынхоо ард түмэн, үндэснийхээ өв соёлд хайртай хүмүүс, дэмжиж тусалж байсан бүх хүмүүс, бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ дахин уучлалт хүсэж байна" гэжээ.