НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай хэлэлцлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг энэ оны 10 дугаар сарын 11-нд байхаар баталсан. Хуульд санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны Сонгуулийн хороог байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн даргаас гадна 7 хүний бүрэлдэхүүнтэй байх танилцуулгыг НЗДТГ-аас хийв. Нийслэлийн сонгуулийн хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан төрийн захиргааны, төрийн үйлчилгээний албан хаагчид орж ажиллана. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хороог НЗДТГ-ын дарга ахалж, Нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлийн албан хаагчид орж ажиллах юм. Үүнийг НИТХ-ын ээлжит бус 22 хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах аж.