Парисын Олимпын наадмыг сурвалжлах Монголын спортын сэтгүүлчид Францыг зорьжээ

Парисын Олимпын наадмыг сурвалжлах Монголын спортын сэтгүүлчид Францыг зорьжээ

Франц улсын Парис хотноо энэ сарын 26-нд эхлэх 33 дахь удаагийн Олимпын наадмыг Олимпын хорооны албан ёсны эрхтэйгээр сурвалжлах багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо энэ сарын 14-нд үджээ.

МССХ-ны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал нар сурвалжлагч Ж.Отгонцагаан, Ж.Цэцэгмаа, гэрэл зурагчин Ч.Ганбат, Д.Нямбилэг нарыг Олимпын хороонд хүлээн авч уулзан Олимпод яаж ажиллах, ямар үүрэг хариуцлага хүлээх талаар ярилцжээ. Ж.Отгонцагаан 16, Ч.Ганбат тав, Д.Нямбилэг гурав, Ж.Цэцэгмаа анхны Олимпдоо ажиллах гэж байна. Тэдний Парист байрлах байр, хоолны зардлыг “Royal House Construction”, Deutsche Welle” компани ивээн тэтгэж байгаа бол Үндэсний Олимпын хороо, Биеийн тамир спортын улсын хорооноос тээврийн зардлыг нь гаргажээ. Тэд энэ сарын 21-нд Парисыг зорьж наймдугаар сарын 14-нд буцаж ирнэ. Олимпын наадмыг Үндэсний Олимпын хорооны албан ёсны эрхтэй, шууд дамжуулах эрхийг худалдан авах гэсэн хоёр шугамаар сурвалжлах боломжтой. Иймд Олимп сурвалжлах эрхийг нь худалдаж авсан МҮОНРТ-ийн гурван сэтгүүлч, "Central" телевизийн шууд дамжуулалтын баг Парист ажиллахаар болжээ.