Олимпын наадамд Монгол аав, охин хоёр хамтдаа ажиллана

Олимпын наадамд Монгол аав, охин хоёр хамтдаа ажиллана

Францын Парис хотноо болох гэж буй 33 дахь удаагийн Зуны Олимпын наадамд Монголоос аав, охин хоёр хамтдаа ажиллах гэж байна.

Тодруулбал, Олимпод Монголоос оролцох 33 тамирчныг дагалдан дасгалжуулагч, албаны хүмүүс явна. Түүний дотор хоёр сэтгүүлч, хоёр гэрэл зурагчин Олимпын наадмыг сурвалжлахаар явах бөгөөд тэдний нэг нь Монголын спортын сэтгүүлчдийн удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг юм. Харин охин Н.Номин нь Парисын Олимпыг зохион байгуулах хорооноос зарласан сайн дурын ажилтны шалгаруулалтад тэнцсэн байна. Улмаар наадмын бэлтгэлээ хангахаар зургаадугаар сарын 27-нд Парисыг зорьжээ. Тэрбээр наймдугаар сарын 25 хүртэл хоёр сарын хугацаанд Олимпын наадамд сайн дурын ажил хийхдээ нээлтийн ёслол, орчин үеийн таван төрөлт тэмцээнд ажиллах гэж байгаа талаар аав Д.Нямбилэг нь ярив. Парисын Олимпыг зохион байгуулах хороо 45 мянган сайн дурын ажилтан шалгаруулж авсан юм. Сонгон шалгаруулалт нь өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэдэн мянган өргөдөлтэй танилцан эхний шатанд тэнцсэн залуустай цахим ярилцлага хийн тэднийг сонгосон билээ.

Сайн дурын ажилтнуудад 18 насанд хүрсэн англи, эсвэл франц хэлтэй, 2024 оны долдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 10-ны хооронд дор хаяж 10 өдөр ажиллах боломжтой байх гэсэн шалгуур тавьсан юм. Н.Номин нь АНУ-д суралцдаг бөгөөд буудлагын спортоор хичээллэдэг байжээ. Харин гэрэл зурагчин Д.Нямбилэг Токиогийн зуны, Бээжингийн өвлийн Олимпоос гадна жүдо бөхийн ДАШТ зэрэг томоохон тэмцээн сурвалжилсан туршлагатай сэтгүүлч юм. Парисын Олимпыг зорих Монголын баг тамирчинд, албаны хүмүүс энэ сарын 21-нд хүлгийн жолоо зална. Сонирхуулахад, 2020 оны Токиогийн Олимпод "Таван цагариг" сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин, охин Э.Маралын хамт ажилласан удаатай. Тухайн үед Э.Марал нь "Olympic Broadcasting System"-д ажилласан юм.