Өнөөдөр /2024.07.13/ Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 15-нд нутгийн зүүн хагаст, энэ сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Маргааш буюу энэ сарын 14-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу энэ сарын 16, 17-нд ихэнх нутгаар хална гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.