Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр /2024.07.09/ хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны уулзалт хийж, зарим салбарт хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дараа Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нь гэр бүлийн хамтаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Чингис хааны музейд морилсон билээ.
Тэгвэл өнөөдөр /2024.07.11/ наадам үзэж, сонирхож байна. Өглөө азарганы уралдаан үзсэн бол яг одоо наадмын нээлтийг хүндэт зочдын суудлаас гэр бүлийн хамтаар үзэж байна. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нь айлчлалынхаа үеэр наадам үзэж сонирхоно гэдгийг албаныхан эртнээс мэдээлж байсан юм. Тэрбээр Монголд төрийн айлчлал хийж буй анхны хаан юм. Өмнө нь Монгол Улсад Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито угсаа залгамжлах хунтайж байхдаа 2007 онд, Эдинбургийн гүн Хунтайж Филипп буюу Хатан хаан Элизабет агсны нөхөр 1997 онд ирж байжээ. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны 1 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.