Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын Хувьсгалын 103 жилийн ой – Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаан өчигдөр /2023.07.10/ болсон.
Хамгийн сонирхолтойн тус уралдааны үеэр гарааны зурхайгаас хөдлөөд л бусдыгаа өнгөлж явсан хээр азарга уралдааны замаас хадуурч, унаач хүүхэд нь жолоогоо дийлэхгүй нөхцөл байдал үүссэн тул Матад сумын уяач Г.Заанхүү азаргаа өөрөө унаж, хурдлуулснаар тус наадмын түрүүг аваад буй. Мөн энэ нь анх удаа том хүн унасан морь түрүү магнайд хурдалсан онцгой тохиолдол болоод байгаа билээ. Түүнчлэн эл үйл явдал наадамчин олныг баясгаж, зарим хүн хээр азаргыг “Шоу халтар” хэмээн нэрлэж алдаршуулаад байна. Иймд iSee.mn мэдээллийн сайт бидний үүх түүхээрээ бахдах учиртай баяр наадмын өдрүүдийн тусгай дугаартаа Дорнод аймгийн Матад сумын уяач Г.Заанхүүг онцоллоо.
ВИДЕО:
Г.Заанхүү бага насандаа хурдан морины унаач хүүхэд байснаа онцлоод “Би багадаа олон уралдаан оролцож байсан ч айрагдаж байгаагүй. Гэтэл том болоод өөрийн уясан морио унаж түрүүлж үзлээ. Гоё санагддаг юм байна” хэмээсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Эхлээд наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлээд ярилцлага аа эхэлье?
-Нийт Дорнодчууд болон Монголын бүр ард түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаж байна уу.
-Манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Гомбодоржийн Заанхүү гэдэг. Дорнод аймгийн Матад сумын 4-р багын малчин.
-Аймгийнхаа наадамд хэд дэх удаагаа морь уралдуулж байна. Энэ жил ямар ямар насны морьдтой ирж, оролцож байгаа вэ?
-Миний хувьд аймгийн наадамд анх удаа оролцож байгаа. Ганц хээр азаргатайгаа ирсэн. Азарга маань ч анх удаагаа уралдаж байна. Найз маань “морь чинь гайгүй байгаа юм чинь хамт аймгийн наадамд явъя” гэхээр нь хань болох үүднээс хамт оролцохоор ирсэн юм.
-Морь нь хадуурсны улмаас өөрөө унаж, түрүүлсэн байсан шүү дээ. Өчигдөр болсон азарганы уралдааны үеэр болсон үйл явдлын талаар яриач. Яг юу болов?
-Азарга маань барианаас гараад сайхан уралдаж хөтлөөд уралдаж байсан. Гэтэл бариа жаахан дөхөх үед замаасаа жаахан хадуураад явчихсан. Унаач хүү маань амыг нь дийлээгүй. Тухайн үед араас явж байсан морьд нь ч нэлээд тасраад явчихсан болохоор би өөрөө азаргаа унаад уралдаж түрүүлсэн.
-Түрүүлээд орж ирэхэд наадамчин олон яаж хүлээж авав. Танд бас ямар мэдрэмж төрж байсныг хуваалцаач?
-Наадамчин олон маань маш их хөөрч, баярласан байсан. Сайхан наадам боллоо л гээд байна лээ. Миний хувьд багадаа хурдан морь унаж их уралддаг байсан ч айрагдаж байгаагүй. Том болоод өөрийн морио унаж түрүүллээ. Гоё л байдаг юм байна.
-Азаргыг унаж байсан унаач хүүхэд таны хүү юу?
-Тиймээ. Миний төрсөн хүү З.Баянбат маань унаж, уралдуулсан.
-Хээр азарганы удам угшил?
-Манай азарга эх тал нь Сүхбаатар аймгийн Дарьганга, Эцэг тал нь Монгол Улсын манлай уяач Матад сумын уугуул Б.Цэндбаатарын адуу.
-Хээр азарганыхаа уяа сойлгыг хэрхэн тааруулав. Хэзээнээс эхэлж бэлтгэсэн бэ?
-Зургаадугаар сарын дунд үеэс жаахан бэлдсэн. Уяа сойлгын хувьд нутгийн хэдэн адуучидтайгаа хэдэн удаа сунгаа хийсэн. Бусдаар нэг их бэлдэж чадаагүй. Мал гэж явсаар байгаад таарсан.
-Танай удамд өөр морь уядаг хүн байсан уу. Хурдан морь уях эрдмийг танд хэн зааж сургав?
-Бага байхад ах нар маань морь уяж, би унадаг байсан. Тэр үеэс л морь уях, уралдуулахыг суралцаж өссөн. Би өөрөө Сүхбаатарын Дарьгангын уугуул хүн. Дорнод аймаг хүргэн болж, энд нутагтай болсон. Одоогоор малаа харангаа хажуугаар нь ганц нэг морь уядаг.
-Өмнө нь ямар насны морьд уралдуулж байв. Гаргасан амжилтаасаа хуваалцаач?
-Би 2017 онд Матад сумандаа нэг даага айрагдуулж байсан. 2016 онд бас нэг соёолон айрагдуулж байсан. Өөр ямар нэг наадамд оролцож байгаагүй.
-Хэдэн хором саатаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та сайхан наадаарай.
-Та бүхэнд бас баярлалаа. Сайн наадаарай. Наадамчин олны маань морь нь хурдан, унаач хүүхэд нь цовоо сэргэлэн байх болтугай.