БОАЖ-ийн сайдаар томилогдсон С.Одонтуяа тамгаа гардан авлаа

БОАЖ-ийн сайдаар томилогдсон С.Одонтуяа тамгаа гардан авлаа

Өмнөх Засгийн газарт БОАЖ-ын Сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдаар ажиллах С.Одонтуяа тамгаа хүлээлгэн өглөө. Тамга хүлээлцэх ёслолд Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд оролцож, захирамжийг нь өнөөдөр (2024.07.10) гардуулан өгч, амжилт хүслээ.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын сайдаар ажиллаж байх хугацаандаа салбарын шинэчлэлийг хийж аялал жуулчлалын салбарыг хоёр дахь “ТЭРБУМ ДОЛЛАР”-ын салбар болгож, “ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 41,5 сая мод тарьж ургуулж, 124 зүйлийн 62,9 сая ширхэг тарьц суулгац, 12,5 тонн үрийн нөөцийг салбарынхантайгаа хамтдаа бий болгосон талаараа дурдлаа. .

ТОДРУУЛБАЛ:

  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 23 жилийн дараа батлуулав
  •  Монгол Улс түүхэндээ анх удаа 651061 жуулчин хүлээн авч, 1,3 тэрбум долларын орлогыг эдийн засагт төвлөрүүлэв
  • “ОЙН ГАЗАР”-ыг байгуулав
  • Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг 4 машины хамт татан гаргаснаар 47,7 тонн түлшийг нуурт асгарч бохирдуулахаас сэргийллээ
  •  “Байгаль хамгааллын итгэлцлийн сан” буюу “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг батлуулав. Уг хөтөлбөр тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн тэлж, түүнийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх орлогожуулах зорилгоор 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгоно. Одоогийн байдлаар 71 сая ам.доллар бүрдсэн байна
  • Салбарын албан хаагчдын цалингийн санг 20-46 хувиар буюу сүүлийн 5 жилтэй харьцуулахад 2,5 дахин нэмэгдүүллээ
  •  3433 булаг, шандын эхийг хамгаалсан байна. 

Шинээр томилогдсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд С.Одонтуяа өнөөдрийг хүртэл хийсэн ажлуудыг тасалдуулалгүй үргэлжлүүлж, төрийн ажлын залгамж чанарыг хадгална гэдэгт гүнээ итгэж байна.