Л.Оюун-Эрдэнэ: ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг, АН-д Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг өгөх нь зүйтэй

Л.Оюун-Эрдэнэ: ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг, АН-д Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг өгөх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи /2024.07.09/ хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Би нэг муу, нэг сайн мэдээ өгье. Өнгөрсөн 30 жил маш гоё Засгийн газрын бүтэц оруулдаг ч үр дүн байдаггүй. Том тендер, сангийн мөнгө идэж уудаг. Татвар төсвийг бүрдүүлж байгаа бизнес эрхлэгчидтэй зөвшилцдөг ямар механизмыг оруулсан бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Гурван талт хэлэлцээр хийж, институциуд хоорондоо асуудлаа ярилцдаг. Энэ агуулгаар энэ эрх зүйн орчныг өөрчлөөсэй гэж шинжлэх ухааны академи, үйлдвэрчний эвлэл, худалдаа аж үйлдвэрийн танхимыг парламентад нэгтгэж байгаа. Энэ хүмүүсийг намжуулах бус парламент нийгэмжээсэй гэж бодсон. Хувийн хэвшлийнхэн танхим дээрээ нэгдэж, дүрмээ тогтох ёстой. Өнөөдрийн бүтэц дээр ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг өгч байгаа. Цахимжуулах шинэчлэлийг хийгээсэй. Мөн төсөв батлагдаж, шаардлагатай ажлуудад яамдууд тендер зарлахгүйгээр МҮХАҮТ-д өгч болно. Танхим өөрөө хэрхэн хувийн хэвшилтэй хамтрахаа шийдэж болно.  Харин Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгөх нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл шүүх, прокурор, мөрдөх байгууллагын ялгаатай байдлыг олон нийт анзаардаггүй. Нэг асуудал үүсэхэд төр гэдэг ойлголтод хамруулдаг. Шүүхийн түвшний олон асуудалд хяналт тэнцэл хийж, энэ бүтэц дээр АН-д байх нь зүйтэй гэж үзсэн. Та хэд хамтарч ажиллах хэрэгтэй. Хүний эрхтэй холбоотой асуудалд Засгийн газрын асуудал байв уу. Эсвэл шүүхийн асуудал байв уу. Эрх мэдлийн салангид байдлыг бий болгох шаардлагатай. Гэрээн дээрээ нарийвчилж суух хэрэгтэй.