ЧУУЛГАН: Б.Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

ЧУУЛГАН: Б.Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

Чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 53 минутад эхэлж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь "УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулахаар санал болгож байна. Тэрбээр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009-2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон улсын их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 2001-2002 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002-2006 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2023 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байгаа аж.

Б.Баасандорж нь төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж, батлуулах чиглэлээр 16 жил, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр таван жил, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр хоёр жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 15 жил тус тус ажилласан. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлоод “Төрийн албанд гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж ажилласан. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Хүний эрхий салбар, нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийг хангах, шүүхийн шинэтгэл, улсын бүртгэлийн шинэтгэл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж байсан. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 126 парламентын гишүүнтэй байх, хувь тэнцүүлсэн болон олонхын сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн төсөл боловсруулах болон иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх Засгийн газрын дэд ажлын хэсгийг ахалж ажилласан. Мөн төрийн захиргааны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд процесс суурьтай оновчтой, үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх зорилгоор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд процессын дахин инженерчлэлийг эхлүүлж нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, ирээдүйн загварыг гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлж ажилласан. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулах саналыг танилцуулж байна” гэв. Барсүрэнгийн Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжих санал хураалт явуулахад 105 гишүүний дийлэнх олонх дэмжив.