Чуулганы хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлд “Журам батлах тухай” УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн болон тус тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-ын 1 дэх заалтын “31 дүгээр” гэснийг “27 дугаар” гэж, мөн журмын 10 дахь заалтын “Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншина” гэснийг
“Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж бусад гишүүд давтан хэлнэ. Засгийн газрын гишүүн нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж болно” гэж өөрчилж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байв.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжснээр төсөл батлагдаж, Улсын Их Хурлын дарга “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгын уншиж, танилцууллаа.