УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН 68, АН 42 суудал, ХҮН нам найм, Үндэсний эвсэл болоод Иргэний зориг ногоон нам тус бүр дөрвөн суудлыг парламентад аваад буй.
Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт орж ажиллахыг саналыг АН болон ХҮН намд хүргүүлсэн ба эдгээр намуудын Үндэсний бодлогын хороо болоод Удирдах зөвлөлөөс хамтарсан Засгийн газар орох саналыг дэмжсэн байдаг. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын гишүүдийнхээ 60 хувийг МАН-аас үлдсэн 40 хувийг АН, ХҮН намын гишүүдээс бүрдүүлнэ гэсэн саналыг гаргаад буй. Иймд АН-ын гишүүн хэн, аль яамны сайдаар томилогдох бол гэсэн асуулт хэвлэл мэдээллийн байгууллага болоод олон нийтийг олон таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд буй.
Харин АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүйсийн тэгш байдлыг хангахын тулд хоёр эмэгтэй гишүүнээ Засгийн газрын гишүүнд санал болгосон талаар УИХ-ын гишүүн н.Энхтуяа мэдээлэл хийсэн.
Тэгвэл АН-аас эмэгтэйчүүдийн байгууллагаас УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвшээд амжилт үзүүлээгүй З.Нарантуяа тэргүүтэй хоёр эмэгтэйг Засгийн газрын гишүүнд нэрийг нь дэвшүүлсэн ч МАН-аас "Засагт орж ажиллах АН-ын гишүүд нь заавал УИХ-ын гишүүн байх ёстой" гэсэн шаардлагыг тавьсан байна.
Ингээд УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдоод буй Х.Болормаа, Д.Мөнхбаясгалан нарыг Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлсэн ч тэдний зарим нь "татгалзжээ". Иймд УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нэрийг Засгийн газрын гишүүнд дэвшүүлсэн гэх мэдээлэл байна.
Харин өнөөдөр /2024.07.09/ УИХ-ын анхдугаар чуулганы сүүлийн өдөр бөгөөд энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын гишүүдээ парламентад танилцуулж магадгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4-д "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" гэж заажээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын танхим, 16 яам, 23 сайдтай байх хуулийн төсөлд УИХ-д өргөн баригдаад байгаа юм.