Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Түүнийг өнөөдөр /2024.07.09/ өглөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатарын талбайд төрийн хүндэт харуулын өмнө ёслол төгөлдөр угтан авсан. Энэ үеэр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, тэд Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Харин Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Чингис хааны хөшөөнд орхимжоо буулган, мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлсэн нь манай олон иргэдийн талархлыг хүлээгээд байна. Учир нь зөвхөн өөрийн эцэг хаандаа үзүүлдэг хүндэтгэлээ манай Их эзэн богд Чингис хаанд адил үзүүллээ хэмээн зарим иргэд түүнийг үзэж, талархсан сэтгэлдлээ олон нийтийн сүлжээнд илэрхийлж байна.