Өнөөдөр /2024.07.09/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрсийг МАН-ын Удирдах зөвлөл авч хэлэлцээд, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд танилцуулгадаад батлагдаж магадгүй байна.
Учир нь энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4-д "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" гэж заажээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын танхим, 16 яам, 23 сайдтай байх хуулийн төсөлд УИХ-д өргөн баригдсан.
Тодруулбал,
- Монгол Улсын Ерөнхий сайд
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
- Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
- Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
- Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
- Гадаад харилцааны сайд;
- Сангийн сайд;
- Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
- Батлан хамгаалахын сайд;
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
- Боловсролын сайд;
- Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
- Зам, тээврийн хөгжлийн сайд;
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
- Эрчим хүчний сайд;
- Эрүүл мэндийн сайд
Товчхондоо, гурван шадар сайдтай Засгийн газрын танхим бүрдэж байгаа манай улсын түүхэнд анхны тохиолдол гэж болно. Харин шадар сайдад Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар гэсэн гурван агентлаг л харьяалагддаг. Иймд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдох Л.Гантөмөр болоод бусад шадар сайдаар томилогдох С.Амарсайхан, Т.Доржханд нарт тус гурван агентлагуудаас аль нь хамаарах бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Л.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн яамыг хариуцаж ажиллах бол, С.Амарсайхан онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын албан тушаалыг хашиж, тэрээр Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болоод бүсчилсэн хөгжил хийгээд салбар хоорондын уялдаа холбоог хариуцах аж. Харин ХҮН намын дарга Т.Доржхандад оногдож буй Шадар сайдын албан тушаалд Оюуны өмчийн газар харьяалагдах бололтой.