Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг хэлэлцэх хурал өнөөдөр болно

Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг хэлэлцэх хурал өнөөдөр болно

Улсын арслан Э.Оюунболд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртэж байсан билээ. Гэсэн ч "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын түүнээс авсан сэргээшийн шинжилгээнээс "допинг илэрсэн" гэх үндэслэлээр Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь найман жилээр хассан юм.

Харин Үндэсний их баяр наадам ойртож, барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр/2024.07.07/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх наадамд допингтой бөхчүүд барилдах эсэх асуудал үүсээд байгаа юм. Тиймээс МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс нь өнөөдөр/2024.07.08/ 15.00 цагт хуралдаж, улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг хэлэлцэхээр болсон. Барилдах эсэхийг сэргээх эсэх хуралд хуульч, эмч нараас бүрдсэн таван хүн оролцох аж. Үүнд тус комиссын дарга хуульч П.Мөнхжаргал, эмч О. Амгаланхүү, хуульч, өмгөөлөгч Ж. Эрдэнэбаяр,  тамирчин байсан Д.Золбаяр, эмч  Д.Нямдорж нар багтаж байна.

Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хурлын бүрэлдэхүүн болох эмч нь яаралтай хагалгаанаас гарч ирээгүй байгаа тул хагалгааны дараа хуралдахаар болжээ.