ШУУРХАЙ: Хамтарсан Засгийн газарт ажиллах МАН, АН, ХҮН намын удирдлагууд өнөөдөр "санамж бичиг"-т гарын үсэг зурахаар болжээ

2024-07-08 12:32

ШУУД: Хамтарсан Засгийн газарт ажиллах МАН, АН, ХҮН намын удирдлагууд "санамж бичиг"-т гарын үсэг зурж байна

УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал аваад буй. Харин УИХ-д олон суудал авсан АН болоод ХҮН намд хамтарч Засгийн газар байгуулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүргүүлээд буй. Тэгвэл яг одоо Төрийн ордонд хамтарсан Засгийн газарт ажиллах МАН, АН, ХҮН намын удирдлагууд "санамж бичиг"-т гарын үсэг зурж байна.

ШУУД:

 

 

2024-07-08 10:39

ШУУРХАЙ: Хамтарсан Засгийн газарт ажиллах МАН, АН, ХҮН намын удирдлагууд өнөөдөр "санамж бичиг"-т гарын үсэг зурахаар болжээ

МАН-ын хамтарсан Засгийн газарт АН болон ХҮН намаас орж ажиллах нь тодорхой болоод байна. Тухайлбал, өчигдөр /2024.07.07/ орой хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны цахим хурлаар тус хорооны гишүүдийн 92 хувь нь "Хамтарсан Засгийн газарт орж ажиллах дэмжсэн" байдаг. 

Харин өдгөө АН болон ХҮН намд энэ яамдуудыг хариуцуулж, тэр сайд болно гэх мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа гэхэд болно. Тэгвэл бид АН-ын удирдлагуудаас, "хамтарсан Засгийн газарт орж ажиллавал эрх баригч МАН-ын зүгээс аль яамдыг тус намд хариуцуулахаар тохироод байгаа" талаар тодруулахад, "Энэ яамыг хариуцуулна гэж одоогоор нарийвчилж ярьсан зүйл байхгүй байна. Үүнийг дагаад тэр, тэр сайд болно гэж тохирсон зүйл ч алга. Зарим гишүүд би сайд болмоор байна гэж уулзаж байгаа нь үнэн. Үүнийгээ дагаад хэвлэл өөрсдийн нэрээ бичүүлээд байхыг ч үгүйсгэхгүй" гэсэн юм. 

Харин өнөөдөр /2024.07.08/ хамтарсан Засгийн газарт орж ажиллах МАН, АН, ХҮН намын дарга нар "Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтрах" санамж бичигт гарын үсэг зурах аж. Тус арга хэмжээний цаг нь одоогоор тодорхойгүй байна.