Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ЗГ-ын бүтцээ өчигдөр "зурсан" бөгөөд хуучин сайд нараасаа ихэнхийг нь үлдээж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ЗГ-ын бүтцээ өчигдөр "зурсан" бөгөөд хуучин сайд нараасаа ихэнхийг нь үлдээж магадгүй байна

Эцэст нь намууд сонгуулиас өмнөх тохирооныхоо дагуу Засгийн газраа хамтарч байгуулах шийдэлд хүрэв. Хамгийн их эсэргүүцэл, бужигнаантай байсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2024.07.07/ хуралдаж, Засгийн газарт хамтрах шийдвэрийг гаргаснаар сая нэг энэ ажил шуудрах замдаа орлоо. 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨЧИГДӨР ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮНЭЭ "ЗУРЖЭЭ"-

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмаас өмнө Засгийн газраа бүрдүүлэх нь. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өчигдөр /2024.07.07/ "зурсан" бөгөөд өнөөдөр, маргаашдаа багтан МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах эрх нь 100 хувь Ерөнхий сайдад байдаг хуультай.

Ингэхдээ яамдын тоог айхтар нэмж өөрчлөөгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал,  Засгийн газар 16 яам, 24 сайдтай болж магадгүй байна. Тэгвэл энэ удаа яамд болон сайд нарын тоог нэмэх нь. 

-Н.УЧРАЛ, Б.ЖАВХЛАН, С.БЯМБАЦОГТ, Ч.НОМИН НАРЫН ИХЭНХ САЙД НАР ЗАСГИЙН ГАЗАРТАА ҮЛДЭНЭ ГЭВ-

Тогтвортой ажиллахын тул хамтарсан Засгийн газар байгуулахаар зорьж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-д 6-7 яам, хоёр агентлаг, ХҮН-д хоёр яам өгөөд үлдсэн яамаа өөрсдөө авахаар төлөвлөсөн гэж буй. Ингэхдээ бодлогын яамдад  зарим сайд нарыг улирааж ажиллуулж магадгүй тухай мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуучин сайд нараас Н.Учралыг ЗГХЭГ-ын даргаар томилж байгаа аж. Мөн С.Бямцогтыг Зам тээврийн хөгжлийн сайдаар, Б.Жавхланг Сангийн сайдаар, Ч.Номинг Соёлын сайдаар, Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар, Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар, Б.Дэлгэрсайханг 20 минутын төслийн Үндэсний хороо хариуцсан сайдаар үлдээхээр тохирсон талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Үүн дээр Хууль зүйн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд зэргээ мөн томилно. Эдгээрээс ч мөн ганц, хоёр нь хуучин сайд нар байх магадлалтай талаар МАН -ын бүлэг дотор яригдаж байна.

Харин Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалахын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Шадар сайд, Дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олимп, спортын сайд зэргийг АН, ХҮН-д өгч магадгүй аж. 

Харин АН, ХҮН дотроо хэнийг аль яамд санал болгохоо шийдэж, саналаа нэгтгэх юм. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтэц, бүрэлдэхүүнээ Удирдах зөвлөл, УИХ-д танилцуулна.