ШУУРХАЙ: АН-ын ҮБХ-ны цахим хурал өнөөдөр 18:00 цагт зарлагдлаа

2024-07-07 20:26

"Хамтарсан Засгийн газарт АН орох эсэх" талаар Л.Гантөмөр ҮБХ-ны гишүүдийнхээ саналыг сонсож, хуралдаж байна

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны цахим хурал өнөөдөр /2024.07.07/ 18:00 цагт зарлагдсан ч, 19:00 цагийн орчимд 57 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна. Хурлын эхэнд АН-ын дарга Л.Гантөмөр үг хэлсэн байна. 

Тэрбээр, "баасан гараг /2024.07.05/-т хуралдсан МАН-ын бага хурал хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн байна. Харин Улс төрийн зөвлөлийн гишүүд олонх нь хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн, улмаар хэлэлцээ хийх эрхийг надад өгсөн. Иймд хамтарсан Засгийн газарт АН орж ажиллах эсэхийг ҮБХ-ны шийдвэрлэж өгнө үү" гэсэн утгатай үгийг хэлсэн байна. Ингээд яг одоо АН-ын ҮБХ-ны гишүүд "хамтарсан Засгийн газарт орох эсэх" асуудлаар саналаа хэлж байгаа бөгөөд санал хураалт эхлээгүй байгаа ажээ. 

2024-07-07 17:50

ШУУРХАЙ: АН-ын ҮБХ-ны цахим хурал өнөөдөр 18:00 цагт зарлагдлаа

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудалтай болсон. Улмаар сонгуулийн өмнө тохирсон тохирооны дагуу олонх болсон МАН-аас бусад намдаа санал тавьж хамтарсан Засгийн газрыг байгуулахаар ажиллаж байна. Саналыг энэ сарын 3 /2024.07.03/-ны орой албан ёсоор МАН-аас АН, ХҮН-д тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Харин АН-ын засгийн газарт хамтрах эсэх шийдвэрийг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 500 орчим гишүүд нь хуралдаж гаргах ёстой. Тэгвэл АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр цахимаар 18:00 цагт зарлагдсан байна. Тус хурлаар "Засгийн газарт хамтрах эсэх" асуудлыг хэлэлцэж магадгүй байна.