Францын шигшээ баг "Евро-2024" тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ баг "Евро-2024" тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод Францын шигээ баг Португалын багийг торгуулийн цохилтоор хожиж, Испанийн багийн араас хагас шигшээд шалгарлаа.

Долоодугаар сарын 5-ны баасан гаригийн орой Хамбург хотын "Фолькспаркштадион” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг 49 мянган хүн үзжээ. Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 0:0-ээр өндөрлөж, Францын шигшээ баг торгуулийн цохилтоор 5:3-аар хожлоо. Үүнээс өмнө хоёр баг Европын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа таарч байв. Францын баг хоёр удаа ялалтаа тэмдэглэж, Португалын шигшээ нэг хожиж байсан бол 2021 онд хэсгийн тоглолтод тэнцэж байсан юм.

Францын шигшээ баг хагас шигшээгийн тоглолтод өчигдөр Германы шигшээг 2:1-ээр хожсон Испанийн багтай тоглоно. Хагас шигшээгийн тоглолт долоодугаар сарын 9-нд Мюнхен хотод болно. Испанийн шигшээ багийн хамгаалагч Дани Карвахаль, Робин Ле Норманд, довтлогч Альваро Мората нар эрхээ хасуулсан тул тоглох боломжгүй болжээ. Хагас хамгаалагч Педри мөн бэртлийн улмаас тоглолтыг өнжихөөр болсон байна.