Өчигдөр /2024.07.05/ өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг, УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг томилохыг дэмжсэн байдаг. Харин мөн өдрийн орой 21:00 цагт МАН-ын бага хурал хуралдаж тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилсон юм.
Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсон учраас намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт түр шилжүүлээд байсан. Харин Я.Содбаатарын оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, ажлаа аваад байсан юм.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар парламентад 68 суудал авч, сүүлийн 12 жилийн хугацаанд олонхыг бүрдүүлж төрийн эрхийг барьж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод тус намын нарийн бичгийн дарга нарын оролцоо их.
Энэ ч утгаараа өчигдөр болсон тус намын Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын Нарийн бичгийн дарга нарт нэр дэвшиж буй хүмүүсийн асуудлыг ярилцсан байна. Тодруулбал, МАН-ын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар Хотын дарга асан Д.Сумъяабазар, тус намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай нарыг томилсон байна.
Сонирхуулахад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн удирдлагад тус намын Нарийн бичгийн дарга нар хамаардаг бөгөөд Д.Амарбаясгаланг генсек байх үед Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, цахим бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар Ц.Чулуунзагд, Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар О.Батнайрамдал нар ажиллаж байжээ. Харин А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.