Хамтарсан Засгийн газар байгуулагдвал МАН, АН, ХҮН нам нийлж УИХ-д "Нэг эвслийн бүлэг байгуулах"-аар хуульд заажээ

Хамтарсан Засгийн газар байгуулагдвал МАН, АН, ХҮН нам нийлж УИХ-д "Нэг эвслийн бүлэг байгуулах"-аар хуульд заажээ

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудалтай болсон. Улмаар сонгуулийн өмнө тохирсон тохирооны дагуу олонх болсон МАН-аас бусад намдаа санал тавьж хамтарсан Засгийн газрыг байгуулахаар ажиллаж байна. Саналыг энэ сарын 3 /2024.07.03/-ны орой албан ёсоор МАН-аас АН, ХҮН-д тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сануулахад, МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээ хийх байгаа юм. 

-АН, ХҮН НАМ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ ОРОХЫГ ДЭМЖЛЭЭ-

АН-ын Улс төрийн зөвлөл долдугаар сарын 4-ний өдөр хуралдаж, Төлөөлөх зөвлөлийн олонх нь Засгийн газарт орж хамтран ажиллах байр сууринд санал нэгдсэн бөгөөд хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг АН-ын дарга Л.Гантөмөрт шилжүүлээд буй. Харин ХҮН намын хувьд өчигдөр /2024.07.06/ Төлөөлөх зөвлөлөө хуралдуулж хамтарсан Засгийн газар орж ажиллах тухай хэлэлцсэн. Улмаар Удирдах зөвлөлийн олонх Засгийн газарт орж хамтран ажиллах байр сууринд санал нэгдсэн байна.

Ийнхүү хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн тул ойрын өдрүүдэд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдах нь тодорхой боллоо.

Харин ИЗНН болон Үндэсний эвсэлд хамтарсан ЗГ-т орох санал тавиагүй талаар намуудын дарга нар мэдээлсэн. Тэгвэл хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулагдвал хуулийн хүрээнд олон бүлэг байх боломжгүй болох юм.

-МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛБАЛ "МАН, АН, ХҮН НЭГ БҮЛЭГ БОЛНО" ГЭЖ ЗААЖЭЭ-

Тодруулбал, Монгол Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр шинэчлэн баталсан хуулийн 29.1-т зааснаар "бүлэг байгуулахад нэг нам эвслээс албан ёсоор нэр дэвшиж, 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам эвслийн бүлэг байгуулж болно" гэж заасан.

Иймд парламентад тус тус дөрвөн суудал авсан ИЗНН, Үндэсний эвсэл болон 8 суудал авсан ХҮН нам бүлэг байгуулах боломжгүй болсон. Харин 42 суудал авсан АН бүлэг байгуулж даргаар О.Цогтгэрэлийг, 68 суудал авсан МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг тус томилон өчигдрийн /2024.07.05/ чуулганы хуралдаанаар баталсан.

Тэгвэл Монгол Улсын их хурлын тухай хуулийн 29.10-т зааснаар хамтарсан Засгийн газар байгуулбал олон бүлэг байх боломжгүй бөгөөд нэгдсэн Засгийн газар байгуулсан л бол "нэг эвслийн бүлэг байгуулна" гэж заажээ. Тодруулбал, 29.10-д "Сонгуулийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн Засгийн газар байгуулах олонхыг бүрдүүлсэн нам эвсэл нь нэгэн бүрэн эрхийн хугацаанд эвслийн гэрээний дагуу нэг эвслийн бүлэг байгуулна" гэж заасан байна. Иймд хамтарсан Засгийн газар байгуулагдвал УИХ дахь МАН, АН гэж байхгүй болох бөгөөд МАН, АН, ХҮН намууд нийлж нэг бүлэг байгуулах хуулийн зохицуулалттай болжээ.