Ардчилсан намы Улс төрийн зөвлөл өчигдөр /2024.07.04/ хуралдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс ирүүлсэн Засгийн газарт хамтрах саналыг хэлэлцээд хүлээж авахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа. Тэрбээр " Парламентад ёс жаяг гэж бий. МАН Засгийн газраа дангаараа байгуулаад явах боломжтой. Олонх болсон ч янз бүрийн нөхцөл байдлын улмаас хамтрах үе гардаг. Хамтарч Засгийн газраа бүрдүүлэх хоёр нөхцөл байдал үүсчээ гэж харж байна. Сонгуулийн дүн гарснаас хойш л хамтарна гэж ярилаа. Хаана байна тэр бичиг нь. Ардчилсан намд ирсэн бичиг Ардчилсан намын бүх гишүүдэд хүртээлтэй байх ёстой. Ялангуяа УИХ-ын гишүүд шийдвэр гаргахад оролцох ёстой. Миний хувь мэдээгүй, үзээгүй. Тэр бичгээ олон нийтэд ил гаргаж тавь. Ямар асуудлаас болж хамтрах гээд байгааг хүмүүс мэдэг. Юуг нь нуугаад байгаа юм. Хүмүүс ойлголттой болсны дараа намын удирдах байгууллага ярих ёстой юм. Өмнө нь Үндэсний бодлогын хороогоор хэлэлцдэг байсан юм. Гэтэл ном журмын дагуу биш нуугаад байгаа нь анхаарал татаж байна. Далдуур хуйвалдааны шугамаар хэдхэн хүний дунд шийддэг байж болохгүй.
Анхнаасаа ингэж явахаар бурууддаг. Миний бодлоор хамтарсан Засгийн газар байгуулах нөхцөл байдал үүсээгүй. МАН өмнө нь парламентад 60 гаруй хүний суудалтай байсан. Одоо ч тийм байна. АН-ын хувьд хангалттай ирцтэй болсон учир сөрөг хүчин байх боломжтой" гэжээ.