ШУУРХАЙ: АН-ын Улс төрийн зөвлөл хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг дэмжжээ

ШУУРХАЙ: АН-ын Улс төрийн зөвлөл хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг дэмжжээ

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудалтай болсон. Энэ ч утгаараа мөн сонгуулийн өмнө тохирсон тохирооны дагуу олонх болсон МАН-аас бусад намдаа санал тавьж хамтарсан Засгийн газрыг байгуулахаар ажиллаж байгаа юм.

Түүнчлэн МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар ажиллаж буй. Тэгвэл өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл "Эсвлийн Засгийн газарт орох эсэх" асуудлаар төрийн ордонд хуралдлаа. АН-ын улс төрийн зөвлөлийн хурал 17:00 цагаас зарлагдаж, 17:30 цагт хуралдаж эхэлсэн юм. Тэгвэл хуралдаанаар АН Засгийн газарт орж ажиллах байр сууринд санал нэгджээ. Тодруулбал, Улс төрийн зөвлөлийн хуралд 46 гишүүн оролцсоноос 32 нь хамтран Засгийн газарт орж ажиллахыг дэмжсэн гэх мэдээлэл байна. Сонирхуулахад,  АН-ын Улс төрийн зөвлөлийг Сангийн сайд асан С.Баярцогт удирддаг ба аймаг, дүүргийн АН-ын хорооны төлөөллүүд, мөн тус намын дарга Л.Гантөмөр нар багтдаг байна.