2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудалтай болсон. Энэ утгаараа мөн сонгуулийн өмнө тохирсон тохирооны дагуу олонх болсон МАН-аас бусад намдаа санал тавьж хамтарсан Засгийн газрыг байгуулахаар ажиллаж байна. Саналыг өчигдөр /2024.07.03/ орой албан ёсоор МАН-аас АН, ХҮН-д тавьжээ. Улмаас тус гурван намын төлөөлөл Их тэнгэрт уулзалдсан гэх мэдээлэл байна. Сануулахад, МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар ажиллаж байгаа юм.
-ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛАХААР ХҮЛЭЭЖ БАЙНА-
Ойрын өдрүүдэд МАН-ын Бага хурал хуралдаж Засгийн газарт АН, ХҮН-тэй хамтарч ажиллах эсэх, ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох шийдвэрийг гаргана. Намууд санал нэгдсэн одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээж байна. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр, өнөөдөр хоёр өдөр ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож буй бөгөөд түүний ирсний дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж таалагдвал тохироо ёсоор ажлыг урагшлуулах улмаар Бага хурлыг хуралдуулахаар хүлээж байгаа гэв.
-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМЫГ САЛГАЖ, ДЭД БҮТЦИЙН ЯАМЫГ НЭМЖ БАЙГУУЛНА-
МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт яамдын тоог нэмнэ гэж тусгасан байсан. 2021 онд эрх баригч нам Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамыг шинээр байгуулсан бол Боомт, Түгжрэл, Спортын гээд яамгүй гурван сайдыг шинээр томилж, одоогийн Засгийн газар 16 яам, 21 сайдтай ажиллаж байгаа. Тэгвэл нэгэнтээ МАН ялсан юм чинь мөрийн хөтөлбөртөө тусгасныхаа дагуу яамдын тоогоо нэмэх нь. Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хоёр салгаж Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам болгох аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр салгаж Дотоод хэргийн яам, Хууль зүйн яам болгон хувааж магадгүй байна. Эдгээр дээр Дэд бүтцийн яамыг нэмж байгуулах нь. Тэгэхээр Шинэ Зеланд, Английн Засгийн газар шиг 20-21 яамтай болох нь. Ингэж бялууг хувааж бүх талын эрх ашгийг хангаж байж цаашид ойлголцож ажиллана. Тогтвортой ажиллахын тул хамтарсан Засгийн газар байгуулахаар зорьж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-д 6-7 яам, хоёр агентлаг, ХҮН-д хоёр яам, үлдсэн яамаа өөрсдөө авахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм. Ингэхдээ бодлогын яамдад зарим сайд нарыг улирааж ажиллуулж магадгүй тухай мэдээлэл бий. Гэхдээ тэр яаманд тэр хүнийг гэх тодорхой шийдвэрийг гаргаагүй бөгөөд огт ярьж эхлээгүй талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.