ВИДЕО: ДАШТ-ны эрх авсан Монголын анхны “Mobile Legends” эмэгтэй баг болсон ч “эмэгтэй” гээд байгууллагууд биднийг дэмжихээс татгалзсан

ВИДЕО: ДАШТ-ны эрх авсан Монголын анхны “Mobile Legends” эмэгтэй баг болсон ч “эмэгтэй” гээд байгууллагууд биднийг дэмжихээс татгалзсан

И-спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж "The Mongolz" , "IHC esports" зэрэг монгол багууд дэлхийн тавцанд томоохон амжилтуудыг гаргаж дан ганц Монгол биш Ази тивийг монголын баг төлөөлөх болсон. Ингэснээр дэлхий даяар хэдэн зуун сая сонирхогчтой эл спортоор дамжуулан Монгол орон олон улсад танигдах болоод буй.

Харин эл амжилтыг гаргасан монгол багууд дандаа эрэгтэй тоглогчдоос бүрдсэн байдаг. Тэгвэл хамгийн сонирхолтойн Mobile Legends Bang Bang тоглоомын “Ladybugs” баг богино хугацаанд чамгүй амжилт гаргаж анх удаа Дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн баг Монголоо төлөөлөн оролцох эрхийг аваад байна. Иймд бид энэ удаагийн Social ID буландаа дэлхийн хоёр ч тэмцээнд Монгол Улсыг төлөөлөхөөр шалгарсан Ladybugs багыг онцоллоо.

ВИДЕО: 

“Ladybugs” эмэгтэйчүүдийн баг Э.Болормаа  Deja vu exp laner, С. Тэргэл  Nonaxn jungler, П.Энхтуяа Ayame roamer, Л.Алтанзул Zulaanaa mid laner, Н.Оюундарь Mobsaiko gold laner гэсэн таван гишүүнтэй. Тус баг нь Mobile Legends Bang Bang гар утасны moba тоглоомын төрлөөр тоглодог бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард байгуулагджээ. Гэсэн ч богино хугацаанд өндөр амжилтыг үзүүлж, оролцсон бүх тэмцээндээ ялалт байгуулснаар олон улсын хоёр ч томоохон тэмцээнд монголыг төлөөлөх анхны эмэгтэй багаар тодроод байгаа аж.

Тэдний гаргасан амжилтуудыг дурдвал,  Cyborg-ийн нэрэмжит эмэгтэй багуудын дундах тэмцээнд оролцож тэргүүн байр, Mesa Legends Series #3 тэмцээн буюу Монгол улсын эмэгтэйчүүдийн аваргад шалгаруулах тэмцээнд мөн л тэргүүн байр эзэлсэн байдаг. Улмаар Дэлхийн аваргад оролцохоор IESF буюу International Esports Federation тэмцээнд оролцож, Азийн багуудтай өрсөлдөх эрхээ авсны дараа Global Esport Games-д оролцох олон улсын тэмцээний эрхийг авч, энэ Даваар гарагт /2024.07.01/ IESF буюу International Esports Federation тэмцээний Азийн бүсэд Хонгконг улсын багийг 3:0 харьцаатайгаар хожиж Дэлхийн аваргад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг аваад байгаа юм.

Түүнчлэн өдийг хүртэл тус багын тоглогчид ямар ч дэмжлэггүй зөвхөн өөрсдийн бололцоогоор гэр гэрээсээ гар утсаараа холбогдон бэлтгэл сургуулилтаа хийсээр иржээ. Харин одоо дэлхийн тэмцээнд монголоо төлөөлөх гэж буй тус багынханд хамтарсан бэлтгэл хийх шаардлага үүсээд байгаа хэдий ч “залуу, эмэгтэй” гэх шалтгаанаар одоогоор дэмжлэг үзүүлэх байгууллага олдохгүй байгааг тэд онцолж байлаа. Одоогоор охид өдөрт 4-5 цаг бэлтгэл хийдэг. Ингэхдээ гэр гэрээсээ холбогдож тоглодог байна. Мөн тоглохдоо төлөвлөгөөгөө хэлэлцэж, секунд бүрд бодож алхам хийдэг тул ачаалал ихтэй байдаг. Өдөрт 5 цаг бэлдэхэд ядралтын улмаас өөр ажил хийх боломжгүй байдгийг охид хэлж байна. Иймд одоогоор тэдэнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйл нь ивээн тэтгэгч, дэмжлэг туслалцаа болоод байгаа аж.

Энэ талаар тоглогчид, “Өдийг хүртэл багын маань гаргасан амжилтын ард биднийг ойлгож, дэмжсэн гэр бүлийнхэн маань л байсан. Тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн цаашид монголд гарч ирж буй охидын багуудын ирээдүйн төлөө томоохон боломжуудыг нээхийг зорьж байгаа. Тиймээс бид цаашид өдөрт 8 цаг бэлддэг болж, хамтарсан бэлтгэл хийх шаардлагатай тулгарсан. Улмаар хэд хэдэн газарт хүсэлт өгч, уулзаж үзсэн ч “эмэгтэй байна, нас залуу байна” гэх  шалтгаанаар одоохондоо дэмжлэг авч чадаагүй л байна. Гэсэн ч ямартай ч өөрсдийн хүчээр бэлтгэж олон улсын тэмцээн болон дэлхийн аваргадаа оролцоно. Бид чинь бас нэлээд шат дамжлагыг давж, 30 гаруй орны баг тамирчидтай тоглож, шилдэг 12-т үлдээд байгаа шүү дээ. Тэгэхээр ямартай ч боломжоо ашиглаад хичээнэ. Биднийг дэмжиж, хамтран ажиллах байгууллага байвал нээлттэй шүү гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.

Сонирхуулахад, 2024 оны байдлаар Mobile Legends Bang Bang тоглоом нь 78,6 сая идэвхтэй тоглогчтой. Өдөр бүр ойролцоогоор 5,2 сая хүн тус тоглоомыг тоглодог бөгөөд нэг тэрбум гаруй таталттай байгаа аж.