Э.Товуудорж: Худал мэдээлэл тараасан, сонгуулийн ажилд саад учруулсан гэх дуудлагаар ЦЕГ-аас шалгалт ажиллагаа явуулж байна

Э.Товуудорж: Худал мэдээлэл тараасан, сонгуулийн ажилд саад учруулсан гэх дуудлагаар ЦЕГ-аас шалгалт ажиллагаа явуулж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын явц болон цаг үеийн асуудалтай холбоотойгоор гараад буй зөрчил маргаан болон санал хураах төхөөрөмжийн эвдрэл, гацалтын талаар цахим сүлжээнд тархаад буй мэдээлэлд хариу өглөө.

ШУУД ҮЗЭХ:  

Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж “Цагдаагийн байгууллагаас УИХ-ын 2024 сонгуулийн ажлын хүрээнд нийт 12 мянган алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс сонгуулийн хэсгийн хорооны санал авах байрны хамгаалалтад 2198 алба хаагч, Замын хөдөлгөөний зохицуулалтад 1215, шуурхай удирдлагын штабт 5600, гэмт хэрэг, зөрчил шалгах сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад 2897 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 665, орон нутагт 436 дуудлага ирсэн байна.

Үүнээс гэмт хэргийн 420, зөрчлийн 684 дуудлагыг хүлээн авч, цагдаагийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Харин өнөөдрийн байдлаар 130 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд 79, орон нутагт 51 дуудлага мэдээлэл. Үүнээс гэмт хэргийн 137 гомдол мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн зөрчлийн 173 гомдол мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Нийт гэмт хэргийн шинжтэй ирсэн 420 гомдол мэдээллээс Эрүүгийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараах дуудлага мэдээлэл 259 буюу гэмт хэргийн дуудлага мэдээллийн 61.67 хувийг эзэлж байна. Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн ажилд саад учруулах гэх зүйл ангиар нийт 83 буюу гэмт хэргийн гомдол мэдээллийн 19.76 хувийг эзэлж байна. Зөрчлийн нийт 684 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх гомдол мэдээлэл 101 буюу 24.05 хувийг эзэлж байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1-18.1 буюу хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах гэх дуудлага мэдээлэл нийт зөрчлийн 100 буюу 23.81 хувийг эзэлж байна. Ингээд цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгааг та бүхэнд мэдэгдэж байна” гэлээ.