Л.Гантөмөр: Ард түмэн сонгуульд ирц өндөр, идэвхтэй оролцож байгааг харах сайхан байна

Л.Гантөмөр: Ард түмэн сонгуульд ирц өндөр, идэвхтэй оролцож байгааг харах сайхан байна

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн өнөөдрийн 12:00 цагийн байдлаар санал өгч буй иргэдийн ирц 24.2 хувьтай байна.

Тэгвэл дөнгөж сая АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр энэ үеэрээ, “Сонгуульдаа залуучууд, ард түмэн ирц өндөр, идэвхтэй оролцож байгааг харах сайхан байна. Өнөөдөр өглөө босоод телевизээр зурхай харахад эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд их сайн өдөр гэж бууж байна лээ. Гэрээ хэлцэл хийнэ гэдэг бол сонгуулийн санал өгснөөр намууд ард түмэнтэйгээ гэрээгээ хийж баталгаажуулж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн сонгуулийн саналын дүн монгол төрийн ажлыг, бидний дэвшүүслэн хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход асар чухал дүн гарна гэдэгт итгэж байна.

Жил болгоны сонгуулиар оройн 22:00 цагт оочер, дараалал нэмэгддэг асуудал энэ жил битгий гараасай гэж хүсэж байна. Иймд иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.

Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа наадмыг хийнэ. Тиймээс түмэн олондоо сайхан наадахын ерөөл өргөж байна. Мөнх хөх тэнгэр миний монголыг ивээх болтугай. Санал гээгдэхгүй тогтолдцоо гэдгийг залуус маш сайн ойлгох хэрэгтэй. Таны өгсөн санал болгон тусгалаа олж, үр дүнгээ гаргана. Урьд нь залуус очоод саналаа өгөхөд бодитойгоор гарч ирэхгүй байгаад их сэтгэл дундуур байдаг. Энэ удаад сонгууль пропорциональ системээр явж байгаа учраас өгч байгаа санал бүхэн гээгдэхгүй. Хүн болгоны өгсөн санал нь өөрөө парламентад шууд тусгалаа олдог тогтолцоо учраас идэвхтэйгээр саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа арай богино байсан уу гэж харж байгаа. Гэхдээ ард түмний шинэ хүнийг сонгоно гэсэн илт хүсэл байсан учраас бид шинэ залуу хүмүүсийг нэр дэвшүүлсэндээ алдаагүй гэдэгтээ итгэлтэй байгаа. АН үе сольж нэр дэвшилт нийснээрээ онцлогтой" гэлээ.