Гадаад улсад ажиллаж, амьдарч буй сонгуулийн насны монгол иргэд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст энэ сарын 20-23-ны өдөр саналаа өглөө.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 13 мянга 95 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлснээс ирц 50 хувь давсныг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын Сөүл дэх салбар комисст сонгуулийн саналаа өгөхөөр 2656 иргэн бүртгүүлснээс 1845 хүн саналаа өгч, сонгогчдын ирц 69.47 хувь хүрчээ. Гадаадад суугаа монголчуудаас хамгийн олон буюу 2983 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн БНСУ-д 18-19 насны 101 иргэн, 20-29 насны 747 иргэн, 30-39 насны 395 иргэн, харин 70-аас дээш насны зургаан иргэн саналаа өгсөн байна.
Кувейт улсад оршин сууж буй иргэд 100 хувь саналаа өгсөн бол Бүгд Найрамдах Узбекстан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улс, Бүгд Найрамдах Киргиз улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Сингапур улсад оршин сууж буй иргэдийн ирц 90 гаруй хувьтай байжээ. Түүнчлэн Франц Улсын нийслэл Парис хотын 23 салбар комисст сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 167 иргэнээс 132 сонгогч саналаа өгч, 79.04 хувийн ирцтэй байлаа.
Гадаад улсад ажиллаж, амьдарч буй сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх замаар сонгосон юм. Өөрөөр хэлбэл гадаад улсад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг дугуйлсан.
🇲🇳Парис хот дахь 23-р салбар комисст сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нийт 167 иргэдээс 132 сонгогч саналаа өгч, ▶️79.04 хувийн ирцтэй санал хураалт өндөрлөлөө @MongolDiplomacy #VoteforMongolia pic.twitter.com/JWGAXQcbzk
— Mongolie en France (@DeMongolie) June 24, 2024