Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал өчигдөр /2024.06.23/ эхэлсэн. Тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж буй.
Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийж Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэжээ.
Узбекистаны тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө ХАА-н салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, Узбекистаны талаас ХАА-н сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талын хүрээнд болон олон улсын тавцанд нягт хамтарч ажиллахаар тогтов.