Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жинтэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолсоны зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах нь хоёр улсын харилцаанд шинэ боломжийг нээх гол түлхүүр тул талууд хуваарийн дагуу үр дүнтэй ажиллах талаар саналаа хэлэв. Мөн Монгол Улсаас хилийн чанадад хамгийн олон буюу 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаа бөгөөд монгол, солонгос иргэд хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжил цэцэглэлтийн хурдасгуур тул Элчин сайдын хувиар харилцан зорчих нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жин Элчин сайд С.Сүхболдод ажлын амжилт хүсэж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахад Элчин сайдын үүрэг, тууштай байр суурь чухал болохыг онцлон тэмдэглээд идэвхтэй хамтарч ажиллана гэлээ. Элчин сайд С.Сүхболд энэ өдөр БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Кан Ён Шинтэй танилцах уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцов.