Метро барих төсвийг бүрдүүлэх байсан “Эрдэнэс Баянбогд” ордын нүүрс хятадуудад “гологдсон” тул Х.Нямбаатар “бонд” гаргаж үргэлжлүүлж магадгүй байна

Метро барих төсвийг бүрдүүлэх байсан “Эрдэнэс Баянбогд” ордын нүүрс хятадуудад “гологдсон” тул Х.Нямбаатар “бонд” гаргаж үргэлжлүүлж магадгүй байна

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатарчууд 2028 он гэхэд метрогоор зорчдог болох” урьдчилсан төсөөлөл гаргаж, зөвлөх үйлчилгээг эхлүүлээд буй. Үе үеийн хотын дарга нар метро барих амбиц, мөрөөдөлтэй байсан боловч бүтэлтэй байсан нь үгүй.

Тэдний нэг бол өмнөх хотын дарга Д.Сумъяабазар юм. Тэрбээр Улаанбаатар хотын эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадтай хамтран "ухаж”, "Баганан тулгуурт галт тэрэг" буюу LRT төсөлдөө санхүүжилт босгохоор өнгөрсөн оны хоёрдугаар сард /2023.02/ БНХАУ-ыг зорьж байв.

-Д.СУМЪЯАБАЗАРЫН МЕТРО БАРИХ ТӨСӨВ БОСГОХ ГЭЖ БАЙСАН “ЭРДЭНЭС БАЯНБОГД”-ЫН ХҮРЭН НҮҮРС ХЯТАДУУДАД "ГОЛОГДСОН" БАЙДАГ- 

Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км-ийн зайд байрлах "Эрдэнэс Баянбогд" коксжих нүүрсний ордыг Хотын дарга асан Д.Сумъяабазар нийслэлийн эзэмшилд авч, эдийн засгийн эргэлтэд оруулахад БНХАУ-тай хамтран ажиллахаар төлөвлөж байв.

Улмаар БНХАУ-ын холбогдох албаны ажилчид монголд ирж, судалгаа хийж үзсэн ч хүрэн нүүрс нь чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хөнгөн галт тэрэг барих ажил замхарч, түр зогсонги байдалд орж байв.

Энэ талаар хотын дарга асан Д.Сумьяабазар, “Нүүрсний чийгшилт нь 18 хувьтай гэж гарсан. Хүхрийн агууламж нь 2.7 хувьтай байна. Гэтэл БНХАУ хүхрийн агууламж нь 1.5-аас дээш нүүрсийг хилээрээ оруулдаггүй. Тэгэхээр нүүрсээ баяжуулахаас өөр арга байхгүй. Мөн чийгшилт өндөр байна гэдэг калорийн хэмжээ бууна гэсэн үг. Тавантолгойн нүүрсний чийгшилт 0.5 хувь, хүхэр 0.8 хувьтай байдаг. Тэгэхээр "Эрдэнэс Баянбогд"-ын хүрэн нүүрсийг технологийн дэвшил дээр суурилаад эдийн засгийн эргэлтэд оруулаад Улаанбаатар хотод тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдэх боломжтой болно. Коксжих нүүрс биш учраас зах зээл дээр хэрхэн зарагдах нь ч тодорхойгүй байна ” гэж мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Баянбогд”-ын хүрэн нүүрсийг Хятадтай хамтран ухах Д.Сумьяабазарын оролдлого бүтэлгүйтэж, нүүрс нь Хятадуудад "гологдсон" гэсэн үг. Ийнхүү түр зогссон метроны асуудал Х.Нямбаатарыг хотын дарга болсон цагаас дахин яригдаж эхэлсэн юм.

-МЕТРО БАРИХ ТӨСӨВ БАЙХГҮЙ ТУЛ “УЛААНБААТАР БОНД”-ООР ТӨСӨВ БОСГОНО ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ-

Өөрөөр хэлбэл хотын дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэрээ “2028 он гэхэд нийслэлийнхэн метрогоор зорчих урьдчилсан төсөөлөл байгаа” талаар дурдаж байв. Харин өнөөдрийн байдлаар зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, БНСУ-ын "Dohwa Engineering" компанийг шалгаруулаад буй.

Гэхдээ Х.Нямбаатар метро барих төсөв байхгүй тухай эртнээс ярьж хэлж байсан. Мөн парламентийн эсэргүүцэлтэй тулгарсан тэрбээр “санхүүжилтийг Улаанбаатар хот 100 хувь өөрөө хариуцна” гэж мэдэгдсэн удаатай.

Харин хотын даргын орлогч П.Сайнбаярын мэдээлж буйгаар нүүрсний экспорт нэмэгдсэн тул үүгээр санхүүжилтээ босгоно гэж ярьсан байдаг. Мөн нийслэлээс гаргасан анхдагч бондоос метроны төсөв гаргана гэх мэдээлэл бий. Тодруулбал, "Улаанбаатар бонд" буюу нийслэлийн анхдагч бондын зах зээлийн арилжааг уржигдар /2024.06.20/ нээсэн. Бондыг Голомт банкны эзэн Д.Баясгалангийн төсөл болох "Бөөрөлжүүт"-ийн цахилгаан станц, мөн Авто зам, шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулахад зарцуулна хэмээн мэдээлж буй. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын бонд буюу өрийг метро барих төсөлд зарцуулж магадгүй байна. Өөрөөр хэлбэл өр тавьж, метро барина гэх мэдээлэл байгаа юм. Мөн энэ том хэмжээний төслийг Нийслэлийн төсвөөр шийдэх бол боломжгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлж буй юм.