Монгол орны өнцөг булан бүрт хүрэх хаанаас ч ойрхон “ХУРДАН” цэг

Монгол орны өнцөг булан бүрт хүрэх хаанаас ч ойрхон “ХУРДАН” цэг

УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугарын санаачилгаар төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг Монгол Улсын өнцөг булан бүрт буюу нийслэл, орон нутаг, сум, хороо болгонд байгуулах УИХ-ын тогтоол батлагдаж төсөв мөнгө нь ч бүрэн шийдэгдээд байгаа юм. Ингэснээр “Хурдан” цэг, хөдөлгөөнт цэг, киоск төхөөрөмжөөр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг өөрт ойрхон байршлаас буюу хаанаас ч ойрхон авах боломжийг бүрдүүллээ. Энэ нь Засгийн газрын бүсчилсэн бодлого “20 минутын хот” шинэчлэлтэй бүрэн нийцэж буй.

ТӨРИЙН 56 БАЙГУУЛЛАГЫН 700 ГАРУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ “ХУРДАН” ЦЭГЭЭС АВЧ БАЙНА

Өнөөдрийн байдлаар “Хурдан” цэг нийслэлд 106, орон нутагт 125, хилийн чанадад 30 улсын 46 байршилд буюу нийт 277 цэгээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна. Энэхүү тогтоолыг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “УИХ-ын тогтоол хэрэгжиж дүүрэг, хороо бүрт хөдөлгөөнт “Хурдан” цэгийг хуваарийн дагуу байршуулж байгаа. Тогтсон цэгүүдээс гадна хөдөлгөөнт “Хурдан” цаг лагерын автобусны эцсийн буудал, хүн ихтэй газраар үйлчилж байгаа. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах боломж бүрдсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэд заавал Драгон төв болон бусад нэг цэгийн газар очиж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй болсон. Харин өөрийн гэрт ойрхон байрладаг хорооны байрт очиж, төрийн 56 байгууллагын 700 гаруй үйлчилгээг авах бололцоо нээгдсэн” гэлээ.

“ХУРДАН” ЦЭГЭЭР ӨДӨРТ 150-200 ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

Тэгвэл бид “Хурдан” цэг байгуулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн үр дүнг сурвалжлахаар хотын захын байршил болох Баянхошууны тойрог болон зуслангийн чиглэлд үйлчилдэг хөдөлгөөнт цэг дээр очлоо.  

Баянхошууны тойрог “Номин” худалдааны төвд байрлаж буй төрийн үйлчилгээний “Хурдан” цэг өдөрт 150-200 иргэн, жилд 5000 гаруй хүнд үйлчилж байна. Энэ талаар Төрийн цахим үйлчилгээг зохицуулах газрын нийслэл хариуцсан хэлтсийн үйлчилгээний ажилтан Б.Гэрэлмаа “Баянхошууны тойрогт үйл ажиллагаа  явуулж байгаа “Хурдан” цэгээр иргэд төрийн үйлчилгээг хүндрэлгүйгээр богино хугацаанд түргэн шуурхай, хүртээмжтэй авч чадаж байна. Мөн зөвлөгөө мэдээллээр хангадаг. Одоогоор 98 төрлийн лавлагаа тодорхойлолт, нэг шатлалт үйлчилгээ 56, олон шатлалт үйлчилгээ 313-ийг үзүүлж байна. Иргэд ихэнхдээ оршин суугаа газрын тодорхойлолт, жолооны үнэмлэх, гадаад паспортоо дахин захиалах үйлчилгээг түгээмэл авч байна. Иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаа“ гэлээ.

Мөн биднийг очиход “Хурдан” цэгээр үйлчлүүлж байсан иргэн “Өмнө нь хорооны тодорхойлолт авахын тулд хоёр гурван автобус дамжиж хотын төв орж бараг бүтэн өдөр зарцуулдаг байсан.Бас киоск машинаас тодорхойлолт авахад 1000 төгрөг төлдөг. Харин одоо гэрийнхээ ойролцоох цэгээс ямар ч үнэ төлбөргүйгээр таван минутад тодорхойлолтоо авчихлаа. Цаг хугацааг бараг арав дахин хэмнэж, иргэнээс ямар ч төлбөр гарахгүй байгаа нь үнэхээр таатай санагдаж байна” гэв. Өөр нэг иргэн компани байгуулахаар ирсэн талаараа “Компани байгуулах үнэхээр амаргүй байсан. Хороо дүүрэг улсын бүртгэлийн байгууллага гээд тор дүүрэн цаасан бичиг баримт зөөгөөд явдаг байсан үе ард хоцорчээ. Хурдан цэг дээр ирээд компанийн нэр авах хүсэлтээ 2-3 минутад илгээчихлээ. Иргэндээ ойр төрийг бий болгосонд баярлалаа” гэсэн юм.

 Эндээс гараад зуслангийн чиглэлд буюу олон хүнтэй газар явуулын үйлчилгээ үзүүлдэг хөдөлгөөнт “Хурдан” цэгийн бүхээгтэй машин дээр ирлээ. Ойр явж байгаа иргэн машинтайгаа зогсоод төрийн үйлчилгээ авч байв. Үйлчилгээний ажилтан “Бид магадгүй төрийн үйлчилгээг хамгийн шуурхай үзүүлж байгаа гэж бодож байна. Зусландаа гарсан иргэд хотын төв рүү орж түгжрэх биш төрийн үйлчилгээг шуурхай авч байна. Аль болох олон хүнтэй газарт үйлчилгээ үзүүлдэг учраас өдөрт хамгийн багадаа 100 гаруй иргэн бидэнд хандаж байна” гэлээ.

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэлийн дүүрэг, хороо бүрт байршуулж байгаа бөгөөд СХД-ийн 43 хороонд байршуулах ажил үргэлжилж байгаа аж.