Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил зургаадугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхэлж, зургаадугаар сарын 26-ны өдрийг хүртэл 16 хоногийн турш үргэлжилнэ. Үүний дагуу сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбаруудад тойрогт нэр дэвшигчдийн мэдээллийг албан ёсоор байршуулсан.

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны самбар нь өмнөх жилүүдийнхээс нэгдмэл байдлаараа илүү онцлог. Учир нь тойргуудад нэр дэвшиж байгаа бүх нам, эвслийн гишүүд, бие даагчдын сурталчилгааны хуудсыг А5-н хэмжээтэйгээр нэгдсэн нэг самбарт байршуулсан юм.

-СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН САМБАРЫГ ЗӨВХӨН СҮХБААТАР ДҮҮРЭГТ Л ГЭХЭД 845 САЯ ТӨГРӨГӨӨР ХИЙЖЭЭ-

Тэгвэл эдгээр сурталчилгааны нэгдсэн самбарыг зөвхөн нэг дүүрэгт буюу Сүхбаатар дүүрэгт л гэхэд 845 сая төгрөгөөр хийжээ. Тодруулбал, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн сурталчилгааны самбарыг суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөвийг бэлтгэж байрлуулах ба энэ ажлыг тухайн сум, дүүргийн Засаг дарга нар хариуцах юм. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард 845 саяар Сүхбаатар дүүрэгт сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар хийх тендерийг зарласан байна.

Иймд эл нэгдсэн самбарын талаар нэгэн тооцоог хийж үзэхэд 20 хороотой Сүхбаатар дүүрэг 845 саяар хийж байгаа бол нэг бүрийн үнэ нь ойролцоогоор 10 сая орчим төгрөг болох аж. Нэгдсэн самбарт мажоритар буюу тойргоос нэр дэвшигчдийн мэдээлэл байх юм.

Нэгдсэн самбар байршуулснаар эдийн засагт илүү хэмнэлттэй, олон улсын жишигт нийцсэн мөн сонгогчдод нэр дэвшигчдийн мэдээллийг эмх цэгцтэй олгоход ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байв.

Тодруулбал, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байраас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар гаргахгүй байгаа. Гэхдээ сурталчилгааны нэгдсэн самбар хийх төсвийг орон нутгийн төсвөөс буюу татвар төлөгч иргэдийн мөнгөнөөс гаргаж байгаа гэдгийг энд нэмж дурдъя.

-СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ТӨСВӨӨС ГАРГАСАН ЗАРДАЛ ӨМНӨХ ОНООС 19 ТЭРБУМААР ӨСЖЭЭ-

Түүнчлэн Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын ажилд төсвөөс 39.5 тэрбум төгрөг гаргахаар төсөвлөсөн. Энэ бол өмнө сонгуулиас даруй 19 тэрбумаар нэмэгдсэн өртөг юм. Өмнөх сонгуулиудын зардлыг харвал,

  • 1992 онд 21 сая төгрөг,
  • 1996 онд 270 сая,
  • 2000 онд 460 сая,
  • 2004 онд 696,6 сая,
  • 2008 онд 7.2 тэрбум төгрөг,
  • 2012 онд 16.8 тэрбум,
  • 2020 онд 20.5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жилийн сонгуулийг 39.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулж буй.

Үүнээс гадна сонгуульд зарцуулах нам эвсэл, тойрогт нэр дэвших нэр дэвшигчийн гаргах зардлын хэмжээ нэмэгдэж байгаа. Үндэсний аудитын газраас баталсан зардлын дээд хэмжээг харвал тойрог бүрд нам эвслүүд 283 саяас 659 сая хүртэл төгрөг зарцуулах нь. Энэ удаагийн сонгуулиар тойрог томорсонтой холбоотойгоор нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулах мөнгөний дээд хэмжээ эрс нэмэгдэж байгаа аж.