УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ цаг үед Ардчилсан нам руу чиглэсэн үндэслэлгүй гүтгэлэг цацагдаж буйд нэр дэвшигч Б.Баттөмөр тайлбар хийлээ.
Тэрбээр "Сонгууль болоход найм хоног үлдсэн байна. Сошиалаар өчигдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал ямар Засгийн газар байгуулах вэ гэдэг илт худал мэдээлэл цацсан. Бүтцийн хувьд маш данхгар байна лээ. Тийм данхгар Засгийн газар байгуулахгүй. Ардчилсан нам дотроо шийдвэр гаргах бүтэцтэй, тэрний нэг нь улс төрийн зөвлөл гэдэг байгууллага байдаг. Улс төрийн зөвлөл дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар үндсэн зарчмаа ярилцсан.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан зурган дээр байгаа хүмүүсээс нэг нь ч Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй. Жагсаалтаар нэр дэвшигч нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй, яам ахлуулахгүй гэсэн үг. Тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээс гараад ирэх юм бол яамдыг ахлуулж сайдаар томилно.
УИХ-ын сонгууль болоход найм хоног үлдсэн байна. Энэ найм хоногт олон нийтийн сэтгэл хөдлөлөөр нь дамжуулж нөлөөлөх гэсэн оролдлого маш их явах болно. Өчигдрийнх шиг илтэд худал мэдээлэл ч цацна. Эрх баригчдын зүгээс худал мэдээлэл цацсан гэж бид харж байгаа. Бүхэл бүтэн тролл арми ажиллаж байна. Олон нийтийн сэтгэл хөдлөлийг удирдах замаар шийдвэр гаргалтад нөлөөлөхийг оролдоно энэ бүхэнд анхааралтай байгаарай гэж зөвлөе” гэсэн юм.