УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-нд авахаар тогтоосны дагуу өнөөдөр санал хураалт эхэлсэн. Хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгуулан иргэдийн саналыг авч буй. Санал хураалтыг дөрөв хоног буюу энэ сарын 20, 21, 22, 23-нд явуулна.
Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа нийт 13095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний хамгийн их нь буюу БНСУ-д амьдарч байгаа 2656 хүн Сөүлд санал өгөхөөр байна. Мөн Австралийн холбооны улсын Канберра хотод 1282, Японы Токио хотод 1177 хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Харин хамгийн бага нь БНХАУ-ын Манжуурт 11, Арабын бүгд найрамдах Египет улсын Каирт 12, Кувейт улсын Эль Кувейт хотод 12 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин хүйсийн хувьд нийт санал өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн 5339 нь эрэгтэй, 7756 нь эмэгтэй байна. Насны хувьд,
- 18-19 насны 687
- 20-24 насны 2415
- 25-29 насны 2190
- 30-34 насны 2080
- 35-39 насны 1921
- 40-44 насны 1172
- 45-49 насны 934
- 50-54 насны 672
- 55-59 насны 457
- 60-64 насны 329
- 65-69 насны 134
- 70 ба түүнээс дээш насны 104 хүн байна.