Гадаад улсад суугаа сонгуулийн насны иргэд саналаа өгч эхэллээ

Гадаад улсад суугаа сонгуулийн насны иргэд саналаа өгч эхэллээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг өнөөдрөөс эхлэн буюу зургаадугаар сарын 20, 21, 22, 23-нд авахаар тогтоосон. Дэлхий олон оронд амьдарч буй 13,095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд байгаа юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

Түүнчлэн гадаад улсад суугаха сонгогчдын төлөөлөл Мөнхбатын Энхцэлмэг СЕХ-нд сэтгэгдлээ ирүүлжээ. Тэрбээр, "Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Осака хотын ахлах сургуульд суралцдаг. Өглөө босоод дээлээ өмсөөд гарсан чинь Монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна" гэв.




Өнөөдөр нохой өдөр

48 минутын өмнө