Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2024.06.15/-т гарсан. П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа.
Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ням гараг /2024.06.16/-т мэдэгдсэн байдаг. Харин үүнийг үгүйсгэж нэр дэвшигч Г.Сайханбаяр өчигдөр /2024.06.18/ мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэрээ "Миний нэр таталттай холбоотой асуудал хуультай. Тодруулбал, нэр дэвшигч нас барсан тохиолдолд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдол л нэр дэвшигчийн нэрийг татна. Сонгуулийн сурталчилгаандаа үргэлжлүүлэн оролцож, өрсөлдөнө" гэж мэдэгдсэн.Түүний энэ мэдэгдлийн араас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татсанаа албан ёсоор хүргүүлж, сонгуулийн сурталчилгаа нь зогссон талаар мэдэгдсэн юм. Тэгвэл Г.Сайханбаяр нь өчигдөр хэлснийхээ дагуу сурталчилгаагаа зогсоогоогүй, үргэлжлүүлэн явуулж байна. Өөрөөр хэлбэл, намаасаа гаргасан улс төрийн шийдвэрийг сөрж, өөрийн хэлснийхээ дагуу сурталчилгаагаа үргэлжлүүлж эхэлжээ.
Тодруулбал, түүний албан ёсны цахим хуудаст өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаанд зориулсан видео контентууд нь тавигдаж эхэлжээ. Тэрбээр мөн "Сонгуульд ажиллах ухуулагч нарыг намын байгууллага сонгож хамтран ажиллах гэрээ байгуулж сумын сонгуулийн хороонд бүртгүүлж үнэмлэх олгуулах ажлыг хийсэн. Үүнд нэр дэвшигчийн оролцоо огт байдаггүй" хэмээн ярьжээ.