Б.Энхболд: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй

Б.Энхболд: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрх болон сонгууль өгөх эрхтэй боловч анхаарал хандуулах шаардлагатай зарим зорилтод бүлэг хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл өглөө.

Юун түрүүнд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах чиглэлд хуулиар чиг үүрэг хүлээн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмж, шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Нэгдүгээрт: УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 9 хоног болж байна. Энэ хугацаанд иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг хүний хувийн мэдээллийг худалдаж авах тухай зар цахим орчин болон иргэдийн дунд мэдээлэл тарааж, хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж буй зөрчил гарч байгаа талаар Комисст мэдээлэл авагдаж байна.

Регистрийн дугаар нь хүний хувийн мэдээлэлд хамаардаг бөгөөд ийнхүү цуглуулсан хувийн мэдээллийг сонгуулийн дараа ямар ч байдлаар ашиглах, хувь хүнийг нууцыг задруулах, бусад байдлаар эрсдэлд оруулах эрсдэлтэй гэдгийг анхаарч хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх, хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай гэж зөвлөж байна. Мөн хувийн мэдээллээр нь хэнд санал өгснийг мэдэх боломжтой гэж иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байгаа нь сонгогчдын сонгох эрхэд халдаж буй үйлдэл бөгөөд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл тул хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэдгийг иргэд олон нийт, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа дэмжигчид анхааруулж байна.

Регистрийн дугаарыг ашиглаж тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй гэдгийг дахин сануулж байна. 

Хоёрдугаарт. Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан иргэдийн улс төрийн эрхээ эдлэх боломж бөгөөд ардчиллын үнэт зүйл юм. Тиймээс улс төрийн талаар олон ургалч үзэл, бодлогын мэтгэлцээний үндсэн дээр иргэд сонголтоо хийх ёстой . Улс төрийн эрхээ эдэлж, өөрийн үзэл баримтлалдаа нийцсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжих, түүнийг түгээн дэлгэрүүлсний төлөө бусдыг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь ямар нэгэн байдлаар хязгаарлаж буруутгахгүй байх үүрэгтэй. Тиймээс нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчид тэдгээрийг сонгуулийн ажилд оролцож байгаа албан ёсны, бусад дэмжигчид бусдын улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх байдлаар сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаа явуулахыг хийхийг зөвлөж байна.

Гуравдугаарт: Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой.

ХЭҮК-оос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр, 266 хоригдогчоос сонгуульд санал өгөхөөр ангийн удирдлагадаа хүсэлтээ өгсөн байсан. Эдгээр хүмүүсийг авч үзвэл, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн иргэд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонгуультай холбоотой мэдээлэл өгөх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч эдгээр иргэд өөрсдийн оршин суугаа газарт нь хэн, ямар намаас нэр дэвшиж байгаа болон сонгуулийн тогтолцооны талаар бүрэн мэдээлэл, ойлголтгүй байна. Энэ нь эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрх эдлэхэд саад учрах, бусдын нөлөөнд орж санал өгөх, санал өгөхгүй байх ч эрсдэл тулгамдаж болзошгүйг харуулж байна.

Тиймээс Улаанбаатар хот, 21 аймагт байгаа цагдан хорих төв, баривчлах байранд байгаа болон өөрөө сан дураараа гарч явах боломжгүй, эрх нь хязгаарлагдсан боловч сонгууль өгөх эрхтэй иргэдэд Сонгуулийн тогтолцоо, санал өгөх зааварчилгаа, нэр дэвшигч, нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл өгөх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг холбогдох Сонгуулийн хэсэг хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.

Дөрөвдүгээрт: Төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад нэр дэвшигчид болон нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл сурталчилгааг тэнцвэртэй хүргэх нөхцөл боломжоор хангаж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлэх, энэ эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус болохыг анхааруулж, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо, төрийн цэргийн байгууллагууд анхаарч ажиллахыг зөвлөж байна.




Өнөөдөр нохой өдөр

55 минутын өмнө