LIVE: "Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоож, эргүүлэн татах асуудлаар СЕХ-нд албан бичгээр хандлаа" гэж МАН-аас мэдэгдлээ

2024-06-18 15:40

LIVE: "Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоож, эргүүлэн татах асуудлаар СЕХ-нд албан бичгээр хандлаа" гэж МАН-аас мэдэгдлээ

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2024.06.15/-т гарсан.

П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ням гараг /2024.06.16/-т мэдэгдсэн. Мөн өнөөдөр /2024.06.18/  Г.Сайханбаяр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийж, "Би нэрээ татахгүй. Сонгуулийн сурталчилгаандаа үргэлжлүүлэн оролцож, өрсөлдөөд явна" гэж мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Сонгуулийн ерөнхий хороонд бичиг хүргүүллээ. 

Тэрбээр уг бичгийг өгч гарч ирээд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "МАН-ын Сонгуулийн төв штабаас улс төрийн шийдвэр гаргаад нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоож, эргүүлэн татах асуудлаараа Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандлаа. Энэ сарын 15-16-нд шилжих шөнө золгүй явдлын улмаас иргэн Б амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Амь хохироогч П.Отгонбаатар нь Г.Сайханбаяр нэр дэвшигчтэй гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан учир бид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд тус ухуулагчтай өөрөө уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй.

Амь хохироогч П.Отгонбаатар нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож эхлээгүй байсан МАН-ын зүгээс төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох төрийн сонгуулийг эмх замбараатай, илүү хариуцлагатай явуулах үүднээс уг шийдвэрийг гаргасан.

Гэтэл тодорхой улс төрийн нам уг золгүй явдлыг улс төрийн сонгуулийн компанит ажлынхаа нэг хэсэг болгон ашиглаж байгаад нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Хариуцлага, ёс зүйтэй байхыг сонгуульд оролцож буй намууддаа уриалмаар байна. Энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Нэр дэвшигчийн зүгээс "Нэр татах ямар ч боломжгүй" гэж хэлсэн. Буруу ойлгосон байж магадгүй. Сонгуулийн компанит ажил газар дээрээ бүрэн зогссон гэдгийг хэлье " гэлээ. 

LIVE: 

2024-06-18 12:50

LIVE: Би нэрээ татахгүй, сурталчилгаагаа үргэлжлүүлээд өрсөлдөөд явна гэж Г.Сайханбаяр мэдэгдлээ

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2024.06.15/-т гарсан.

П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ням гараг /2024.06.16/-т мэдэгдсэн. Тэгвэл Г.Сайханбаяр яг одоо Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Энэ сарын 16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн хэрэг гарсанд харамсаж талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Би монгол цэргийн хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын харамсаж байна. Миний хувьд улс төрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг сахиж сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч Галбаатар нар намайг улс төрийн аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийнхөө улс төрийн өчүүхэн эрх ашигт ашиглаж буй ёс жудаггүй байдлаа зогсоохыг шаардаж байна. Энэ талаар сонгуулийн болон хууль хяналтын байгууллагад хандана. Мөн намайг захиалгат аллагад гүтгэсэн асуудалтай холбоотойгоор энэ хоёр нөхөртэй олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна. Энэ сонгуульд нэр дэвшиж буй хүмүүстээ хандан ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг уриалж байна.

Миний нэр таталттай холбоотой асуудал хуультай. Тодруулбал, нэр дэвшигч нас барсан тохиолдолд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдол л нэр дэвшигчийн нэрийг татна. Сонгуулийн сурталчилгаандаа үргэлжлүүлэн оролцож, өрсөлдөнө. Эл хэрэгт холбогдсон хүн миний нэр дээр бүртгэгдсэн ухуулагч юм билээ. Тийм учраас АН-ынхан надтай холбож тайлбарлаад байна. Би тэр хүнийг танихгүй, таних боломжгүй. Нам ямар нэгэн нэр дэвшигчийг эргүүлэн татах эрх зүйн үндэсгүй. Улс төрийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчийн бүрэн эрхийг хуулиар хангадаг. Миний эрх хангагдсан. Би өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой" гэлээ. 

ШУУД: 




Өнөөдөр нохой өдөр

51 минутын өмнө