Хэдхэн хоногийн дараа Монгол улс ирэх дөрвөн жилийн ирээдүйгээ тодорхойлох парламентийн сонгуулийн санал хураалт болох гэж байна. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй байх бөгөөд 13 тойрог болон нам, эвслийн жагсаалтаар нийт 1,336 хүн өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан аваад байгаа юм. Тэгвэл энэ удаагийн сонгууль олон улсын улс төр судлаач болон монгол судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байгаа бололтой.
Учир нь Сиракузийн их сургуульд улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн Майк Митчелл гэх эрхэм монголын сонгуулийн талаар дараах нийтлэлийг бичжээ. Түүний хувьд Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ сард болох сонгуулийг ажиглахаар болжээ.
-СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО НЬ МОНГОЛЫН АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХГҮЙ ГЭЖ УЛС ТӨРИЙН ШИНЖЭЭЧИД ҮЗЭЖ БАЙНА-
Тус нийтлэлд "Зургаадугаар сарын 28-нд Төв Азид ардчилсан засаглалт Монгол улсын ээлжит сонгууль болно. Монголчууд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш ес дэх удаагаа УИХ-ын сонгуулиа хийж буй юм. Одоогоос 34 гаруй жилийн өмнө Төв Азийн энэ улсыг цочроосон нэгэн ер бусын үйл явдал болсон.
Тодруулбал, коммунист нэг намын засаглалыг зогсоох ёстой гэсэн хөдлөшгүй итгэлд хөтлөгдөн цөөхөн хэдэн залуус парламентын ордныхоо гадаа талбайд цугларч, өлсгөлөн зарлаж эхэлсэн. Өлсгөлөн зарлагчид эцэст нь хэдэн арван мянган жагсагчидтай нэгдэж, талбайг цэвэрлэх тушаал хүлээж байсан олон зуун цагдаа нартай тулгарсан. Тэд хоёр сар, гурван долоо хоног, зургаан өдрийн турш өлсгөлөн зарласны эцэст буун дуу гаргалгүй төр засгийн улс төрийн товчоо огцорч, шинэ Үндсэн хууль батлагдаж, ардчилсан Монгол Улс мэндэлсэн. Монгол Улс олон намын тогтолцоонд шилжсэн нь барууны үзэл баримтлал биш чөлөөт хэвлэл, хууль дээдлэх ёс, хувийн хэвшлийн аж ахуйг хүссэн бүх нийтийн итгэл үнэмшил болсны нотолгоо хэмээн магтсан. АНУ болон Европын орнууд Монголыг ардчилсан шинэчлэлийн “Дорно дахь зангуу” хэмээн нэрлэж, Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгт гарч ирснийг хүлээн зөвшөөрөхөөр яаравчлаж байв.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН улс орныг хяналтандаа байлгаж, өнгөрсөн онд сонгуулийн өөрчлөлтийг хийсэн нь иргэний нийгмийн төлөөллийг илүү ихээр бүрдүүлэх боломжийг олгоно гэж МАН мэдэгдээд байна.
Эдгээрийн гол нь парламент буюу УИХ-ын суудлыг 76-аас 126 болгож нэмэгдүүлэх явдал юм. Тус тойрогт 78 гишүүн мажоритар саналаар сонгогдох бөгөөд 48 нь пропорциональ хэлбэрээр сонгогдоно. Өргөтгөлийн цаад онол нь хууль тогтоогчид цөөн хүнийг төлөөлөх тул сонгогчидтойгоо ойртуулна гэсэн онол юм. 1992 онд парламентын гишүүн 27 мянган сонгогчийг төлөөлж байсан гэсэн тооцоо байдаг. Өнөөдөр хүн амын өсөлтөөс шалтгаалж энэ тоо 44 мянга орчим болжээ. Цаасан дээр энэ нь үндэслэлтэй харагдаж байна. Гэсэн хэдий ч энэ нь эсрэгээр нөлөөлж магадгүй юм. Энэ нь УИХ дахь МАН-ын эрх мэдлийг үндсээр нь бэхжүүлж чадна гэж шүүмжлэгчид онцолж байна. Одоогийн парламентад МАН 76 суудлын 62-г нь эзэлж, түүний гол өрсөлдөгч Ардчилсан нам ердөө 11 суудлыг эзэмшиж байна.
-ГАДНЫ ХҮЧНҮҮД СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦАД НӨЛӨӨЛЖ, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ ЗАМААР СОНГУУЛЬД ИТГЭХ ИТГЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА ГЭВ-
Ноттингемийн их сургуулийн намын улс төрийн шинжээч, доктор Фернандо Касаль Бертоа “Сонгуулийн холимог тогтолцоо нь Монголын ардчилсан засаглалыг бэхжүүлэхгүй. Монголд илүү хүчирхэг улс төрийн намууд, олон эмэгтэй парламентчид дутуугүй хэрэгтэй. Мөн сонгуулийн холимог тогтолцоо нь энэ хоёр том элементэд хүрэхэд тус болохгүй” гэж хэлжээ.
Энэхүү өөрчлөлтийн талаар хоёр удаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бичихдээ “Эрх баригч МАН Үндсэн хуульд хоёр удаа эрс, маргаантай өөрчлөлт оруулсан нь УИХ-ын мандатын тоог нэмэгдүүлэх, нэр дэвшигчдийг намын жагсаалтаар сонгодог тогтолцоог хэрэгжүүлэхээр болсон. Энэ бол урагшлах алхам биш харин ухарсан алхам бөгөөд ойрын ирээдүйд тэдний улс төрийн хүчийг үүрд бэхжүүлэх болно" гэж хэлсэн бол 2021 оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Улаанбаатар хотын сонгуулийн зөвлөх, аюулгүй байдлын шинжээч Мөнхнарангийн Баярлхагва “МАН-ын гарт эрх мэдэл нэгдэж байгаа нь улс орныг нэг намын эрлийз тогтолцоо руу түлхэж байна” гэж анхааруулсан юм.
Мөн Ц.Элбэгдорж дээрх нийтлэлдээ “гадны хүчнүүд” сонгуулийн үйл явцад хар гараа хөдөлгөж, нэр дэвшигчдэд мөнгө урсгах эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах замаар сонгуулийн үйл явц руу орох магадлал маш өндөр байна" гэжээ.
АНУ-ын тагнуулын алба 2023 оны 10-р сард нийтлэсэн тайландаа сонгуулийн үйл явцад итгэх итгэлийг сулруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигласан 17 ардчилсан улсыг (АНУ-ыг оруулаад) тодорхойлсон байна. Тус баримт бичигт “Орос улс өөрийн тагнуулын сүлжээ, төрийн мэдлийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дэлхий даяарх сонгуульд итгэх иргэдийн итгэлийг сулруулж байна” гэж тэмдэглэжээ. Мөн ОХУ-аас нөлөөллийн ажиллагаанд зориулж 20 сая ам.долларыг Монгол руу хуваарилсан гэх мэдээлэл ч байгаа юм.
-АРДЧИЛСАН УЛС АМАР АМГАЛАН БӨГӨӨД ЭРХ ЧӨЛӨӨ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН БОДЛОГЫГ ГАДАГШАА ТҮГЭЭДЭГ БОЛ АРДЧИЛСАН БУС УЛС ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВАНД ЗАНАЛХИЙЛДЭГ-
Хятад улс сонгуулийн үеэр гадаад бодлогын зорилгоо ахиулах, олон нийтийн асуудалд хандах хандлагыг бий болгохын тулд төөрөгдлийн ижил төстэй арга техникийг ашигладаг. Мета болон Майкрософт хоёулаа Хятадын засгийн газар мөрийн хөтөлбөрөө дэмжиж, урагшлуулахын тулд олон нийтийн санаа бодлыг удирдаж байсан далд төлөвлөгөөг баримтжуулсан юм.
Олон хүмүүс “Монгол яагаад чухал гэж? Гуравхан сая гаруй хүн амтай улсад анхаарлаа хандуулах нь яагаад АНУ эсвэл аль нэг улсын ашиг сонирхолд нийцэж байна вэ?" гэж бодож магадгүй. Хариулт нь, ардчилсан улс төрийн тогтолцоо нь бидний эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлс болох хүний болон хувь хүний эрхийг дээдлэх, хууль дээдлэх, чөлөөт зах зээлийн эдийн засагт чиглэдэг. Ардчилсан улс амар амгалан бөгөөд эдгээр үнэт зүйлсийг гадагшаа түгээдэг тогтворжуулах нөлөөтэй байдаг. Харин ардчилсан бус улсууд эсрэгээрээ ямар нэгэн байдлаар бүс нутгийн болон олон улсын энх тайванд заналхийлдэг. Энэ сарын сүүлээр УИХ-ын сонгууль нь болох гэж байгаа энэ үед тус улсын хамтын ардчилал “Гуравдагч хөрш”-ийг бэхжүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л түвшинд Монгол Улстай харилцах зайлшгүй шаардлагатай байна" гэжээ.
Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.