Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас олон нийтэд ил болголоо.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч зарим хүмүүсийн эзэмшиж буй орон сууц, барилга байгууламжийн мэдээллийг онцлон хүргэе. Соёлын сайд, МАН-аас нэр дэвшиж буй Ч.Номин нийтдээ 17.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж эзэмшдэгээрээ жагсаалтыг тэргүүлж байна. Тэрбээр нийтийн зориулалтын найман орон сууц, үйлчилгээний зориулалттай зургаан үл хөдлөх хөрөнгө, гурван авто зогсоол эзэмшдэг аж.
Харин үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээрээ түүний араас жагссан хүн бол МАН-аас нэр дэвшигч Д.Өнөрболор. Тэрбээр 2020-2024 оны парламентад сонгогдон ажилласан ба түүний эзэмшдэг нийтийн орон сууцны зориулалтын найм, үйлчилгээний зориулалттай гурван үл хөдлөх хөрөнгө нь нийлээд 15.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.
Мөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 2020 оны сонгуульд өрсөлдөх үедээ нийтийн орон сууцны зориулалтын 12, үйлчилгээний таван үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлж байжээ.
Нэр дэвшигчдийг эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр нь эрэмбэлэхэд жагсаалтын эхний 30-д буй хүмүүсийн 15 буюу 50 хувь нь МАН-ын нэр дэвшигч, долоо нь АН-ын нэр дэвшигч, бие даагч хоёр, ХҮН намаас нэр дэвшигч нэг, ЭОН-аас нэр дэвшигч нэг, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам(ИОНН)-ын нэр дэвшигч нэг, Үнэн Ба Зөв Намын нэр дэвшигч нэг, Иргэний Хөдөлгөөний Намын нэр дэвшигч нэг, Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч нэг тус тус байна.