Жендерийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 146 орноос 85-д жагслаа

Жендерийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 146 орноос 85-д жагслаа

Дэлхийн эдийн засгийн форумаас өчигдөр /2024.06.12/ “Жендерийн зөрүүтэй байдлын индекс 2024” тайланг танилцууллаа.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эдийн засгийн оролцоо, боломж, улс төрийн эрх мэдэл, боловсролын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр харьцуулж гаргасан энэ судалгааны үр дүнд Монгол Улс 146 орноос 85-д жагсжээ. Өмнө жил манай улс 80 дугаарт жагссан бол 2022 онд 70 дугаарт эрэмбэлэгдсэн юм.

Судалгааны үр дүнг нэгийн тоотой жишиж гаргадаг бөгөөд манай улс 0.705 оноо авчээ. Энэ индекс нэгийн тоотой тэнцүү байвал жендерийн зөрүүгүй, түүнээс доошлох тусам хүйсийн харьцаа тэнцвэргүй гэж үздэг байна. Тэгвэл манай улс үндсэн дөрвөн үзүүлэлтээс эдийн засгийн оролцоо, боломжоор 0.736 оноо авч 43, улс төрийн эрх мэдлээр 0.104 оноо авч 120 дугаарт жагсав. Харин боловсролоор бусад 27, эрүүл мэнд, аюулгүй байдлаар бусад 26 улсын хамт нэг оноо бүтэн авч тэргүүлжээ. Өнгөрсөн жил манай улс эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтээр тэргүүлсэн ч нэг оноо бүтнээр нь аваагүй юм. Харин боловсролоор 67 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 66 байраар урагшиллаа.