БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүний айлчлал өндөрлөж эрхэм зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд хийсэн төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн ололт амжилтаа бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ жарны хуудсыг нээлээ.

Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдаг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой боллоо.