БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх бөгөөд өнөөдөр Улаанбаатарт газардсан. 

Улмаар түүнийг Сүхбаатарын талбайд угтан авах ёслол болж, Монгол Улс, БНАЛАУ-ын  албаны төлөөлөгчид болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Түүнчлэн төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.