С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарын араас Үйлдвэрчний эвлэлийг улс төрд орох гишгүүр болгож, холбооны дүрмээ зөрчин МАН-ын жагсаалтын 7 дугаарт С.Эрдэнэбат бичигджээ

С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарын араас Үйлдвэрчний эвлэлийг улс төрд орох гишгүүр болгож, холбооны дүрмээ зөрчин МАН-ын жагсаалтын 7 дугаарт С.Эрдэнэбат бичигджээ

Эрх баригч МАН, Монголын үйлдвэрчний эвлэл зөвшилцсөний үндсэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон. Энэ шийдвэр нь иргэдийн саналыг МАН-д цуглуулах зорилготой сонгууль угтсан ажил байсан уу гэх хардлага бий. Учир нь МАН сонгуулийн жилд тэтгэвэр, тэтгэмжийг бүгдийг нэмэхдээ цалинг нэмэх шийдвэрийг 2023 оны төгсгөлд буюу 11 дүгээр сард гаргасан байдаг. Үүнийг далимдуулж сайн ажилласан нэр зүүсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь Үйлдвэрчний эвлэлийн дүрмээ зөрчиж эрх баригч намаас жагсаалтад нэр дэвшин нэр дэвшигчийн үнэмлэхээ авав.  

-УЛС ТӨРИЙН НАМ, ЗАСГИЙН ГАЗРААС ХАРААТ БУС БАЙНА ГЭЖ МҮЭХ-НЫ ДҮРМИЙН 4.1.2-Т ЗААЖЭЭ-

Тодруулбал, Монголын үйлдвэрчний эвлэлийн 2020 оны 6 сарын 30-ны өдөр шинэчилсэн дүрмийн 4.1.2-т Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, түүний гишүүн байгууллагууд нь үйл ажиллагаандаа “Улс төрийн нам, Засгийн газар, ажил олгогчид болон бусад этгээдээс хараат бус байж, үйл ажиллагаагаа чөлөөтэй, бие даан явуулна” гэж тов тодорхой зааж өгсөн байна. Энэ дүрмийг тус холбооны гишүүд дагаж мөрдөх үүрэгтэй.

Гэтэл ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь эрх баригч МАН-ын "өвөрт гүйж" орсныхоо хариуд жагсаалтын 7-д нэрээ бичүүлж, УИХ-ын гишүүн болох нь тодорхой болов.

Монголын үйлдвэрчний эвлэл нь  хөдөлмөр эрхэлж буй 200 гаруй мянган гишүүн, мэргэжил үйлдвэрлэлийн 14, аймаг, нийслэлийн 22 холбоотой хамгийн өргөн олон нийтийн, нийгмийн нөлөө бүхий хүчин. Тиймээс ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь уг байгууллагыг улс төрд орох шат гишгүүр болгон ашиглах бус язгуур эрх ашгийг нь хамгаалан, амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахуйц баталгаат цалин хөлстэй байх, ашиг сонирхлыг хамгаалах, түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нөлөө үзүүлэх зэрэг гол үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой юм. 

-С.ЭРДЭНЭБАТ НЬ ИРГЭДИЙН ЦАЛИНГААСАА СУУТГУУЛДАГ ТАТВАРУУД НЭМЭГДЭЖ БАЙХАД ЮУ ХИЙСЭН БЭ-

Монголын үйлдвэрчний эвлэл, олон мянган гишүүдийн итгэл үнэмшлийг улс төрд орох гишгүүрээ болгосон хүн нь ганц С.Эрдэнэбат биш. Өмнө нь тус холбооноос популизмыг хамгийн хортой хийдэг гэгддэг С.Ганбаатар төрж, УИХ-д хоёр ч удаа ажиллалаа. Одоо ч тэрбээр хойд бүсэд нэр дэвшиж байна. С.Эрдэнэбатын өмнөх ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ч мөн УИХ-д нэр дэвшиж байлаа. Харин С.Эрдэнэбат нь өчигдөр хамтран ажиллах санамж бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй байгуулсан. 

С.Эрдэнэбат болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь ажилчдын цалингаасаа суутгуулдаг нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар 2 хувиар нэмэгдэхэд, хөдөлмөр эрхлэгчид хохирч байхад яг юу хийсэн бэ. Цалингаасаа худалдан авдаг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нэг удаа эсэргүүцсэн үү. Чив чимээгүй сууж байгаад МАН-ын жагсаалтын дээгүүрт орж, гишүүн болох нь тодорхой болж буй нь С.Эрдэнэбатыг сонгосон хөдөлмөр эрхлэгчдийн хүсэл мөн үү. 




Өнөөдөр үхэр өдөр

11 минутын өмнө