“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж шатны шүүх бүхэлд нь хангаж, тэрбээр 2024 оны сонгуульд нэр дэвших боломжтой болсон билээ.
Тэгвэл түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр /2024.06.10/ гардуулахгүй аж. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж гараагүй учир энэ талаарх мэдээлэл Сонгуулийн ерөнхий хороонд ирээгүй байгаа юм байна. Тиймээс Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохгүй аж.
Харин шүүхийн шийдвэр хэзээ албажиж гарах эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Хуулийн хугацаа 14 хоногийн дотор шүүхийн шийдвэр албажиж гарах ёстой. Гэхдээ үүнээс ойрын өдрүүдэд шүүхийн шийдвэр албажиж гарах байх" гэлээ. Товчхондоо Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж гарсны дараа СЕХ-нд мэдээлэл нь очиж, улмаар түүний үнэмлэхийг гардуулах аж.