Монгол Улсын иргэд энэ жил анх удаагаа парламентын 126 гишүүнийг сонгох гэж байна. Үүнээс 78 гишүүнийг бүсчилсэн 13 том тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаас сонгоно. УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28 /2024.06.28/-ны Баасан гарагт улс даяар зохион байгуулагдана. Сонгуулийн санал хураалт зохион байгуулах өдөр бүх нийтээрээ амрах хуультай.
Тэгвэл хуулийн дагуу өнөөдөр /2024.06.10/ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Өмнө нь энэ өдөр нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хорооноос батламж гардуулж, ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг байсан бол энэ удаа тус уламжлалт үйл ажиллагааг хийхгүй байхаар төлөвлөжээ.
Харин үүний оронд нэр дэвшигчийн үнэмлэхийг намын удирдлагуудад нь өгч, намын удирдлагууд нь гишүүддээ цааш дамжуулж гардуулах аж.
Харин тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ аваад албан ёсоор эхлэх бус тус тусын тойрогтоо хийх аж. Иймд хөдөө орон нутагт нэр дэвшиж буй хүмүүс УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлтээ тойрогтоо хийхээр өнгөрөгч амралтын өдөр /2024.06.08-09 /-үүдэд хөдөө орон нутгийг зорьсон байна.