Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан ИЗНН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн ч АН-ын гишүүнчлэлтэй байсан учир хасчээ

Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан ИЗНН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн ч АН-ын гишүүнчлэлтэй байсан учир хасчээ

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр (2024.06.06) хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 102 хүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн билээ.

Мөн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй нь тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. 

Тэгвэл тухайн нэр дэвшигч нь Иргэний зориг ногоон намаас нэр дэвшихээр бүртгүүлсэн Ж.Баяржавхлан байсан аж. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн төрсөн ах тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж байсан ч түүнийг намаас нь нэр дэвшүүлээгүй. Тиймээс Ж.Баяржавхлан нь АН-аас гарах хүсэлтээ өгч, улмаар ИЗНН-аас нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд материалаа өгсөн байна. Харин түүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэж авсан ч нэр бүхий иргэнээс "АН-ын гишүүн ИЗНН-аас нэр дэвших гэж байна" гэх гомдлыг өгснөөр уг асуудлыг СЕХ нягталж үзээд өөр намын гишүүнчлэлтэй болохыг нь тогтоосон аж. Тиймээс Ж.Баяржавхланг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон байна.